БУЛГАН: Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнийг 1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ, улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Тус аймагт 33 жилийн дараа зохион байгуулж байгаа тэмцээний нээлтэд Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны гишүүн Д.Гэрэл, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга, самбо бөхийн дэлхийн аварга, Азийн тивийн тав, улсын 13 удаагийн аварга, гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ нарын хүмүүс оролцлоо.
Самбо
бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 51,
эмэгтэйчүүдийн 26, байлдааны самбогийн 13 дахь удаагийн тэмцээнд дэлхийн аварга, гавьяат тамирчин
Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга, ОУХМ Д.Алтансүх,
Д.Пүрэвдорж, Ч.Марал-Эрдэнэ тэргүүтэй 20 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үеэр Ж.Оргилболдод аймгийн
Засаг даргын Тамгын газар, “Булганхангай хөгжлийн төлөө” сангаас хоёр өрөө байр
бэлэглэлээ.