ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчид орон нутагт тогтвортой ажиллах нь чухал асуудал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-08 16:44:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд төвлөрөн амьдарч байна. Энэ нь  улсын эдийн засгийн хөгжлийг боймилж, хурдыг сааруулж буй маш том хүчин зүйл болсон гэж Сангийн сайд Б.Жавхлан Дархан хотод болсон “Орон нутагт шилжин суурьших боломж” бүсийн хэлэлцүүлгийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон. Тиймээс Улаанбаатар хот руу шилжих иргэдийн хөдөлгөөнийг сааруулах, орон нутагт нь суурьшуулах, тэнд хүн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх боломжуудыг төрийн зүгээс  бодлогоор дэмжих нь чухал гэдгийг онцолсон юм.


Төр ажлын байр амалж, бэлдэх, субъект биш. Харин тухайн орон нутагт ажиллаж амьдарч буй болон шинээр шилжин очиж буй иргэдэд ААНБ-д бизнес эрхлэх боломж, бизнесээ тэлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд, татварын таатай нөхцөл, дэд бүтэц, эдийн засаг, хууль эрхзүйн орчин зэргийг бодлогоор, хөгжлийн чиг хандлагаар дэмжих нь хамгийн гол тулгамдсан асуудал. Үйл ажиллагаа явуулах болон амьдрах таатай нөхцөлтэй газарт л хүмүүс шилжин суурьшина. Тиймээс тэрхүү нөхцлийг хэрхэн бүрдүүлэхээ орон нутаг өөрсдийн боломжиндоо тулгуурлан хөгжүүлэх хэрэгтэй. 



Төрийн албан хаагчид орон нутагтаа тогтвортой оршин сууж, ажиллах нь маш чухал асуудал. Иймд орон нутагт ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг шат шатанд нь түлхүү нэмэх бодлого барьж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.




Мөн ипотекийн бодлого маш чухал. Залуучуудыг орон нутагт тогтвортой оршин суухад орон сууцаар хангах. Жишээ нь Дархан хотод томоохон шинэ суурьшлын бүс болох Залуус хорооллыг байгуулахаар ажиллаж байна.  Ипотекийн зээлийн тухайд орон даяар аль ч суурин газарт залуу гэр бүл шинээр 3 хувийн зээл авч болно. Улаанбаатар хотоос бүртгэлтэй ААНБ-ууд орон нутагт шилжин бизнесээ нүүлгэж байгаа тохиолдолд хөнгөлөлттэй зээл олгох бодлогуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа аж. Мөн татварын бодлогоор ч тэр олон зүйл дээр дэмжлэг үзүүлэхээр энэ жилийн төсөвт суулгасан ажээ.

 

 

 

 

Related news