ӨВӨРХАНГАЙ: Хүн амынхаа тоог нэмэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-10 15:54:53

Арвайхээр /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн “Хөдөөгийн сэргэлт” чуулган Улаанбаатар хотод болж байна. Тус чуулганд Өвөрхангай аймгаас оролцогчид олон нийтэд аймгийнхаа онцлог, давуу тал, хөгжил дэвшлийг сурталчлан орон нутагтаа ажиллаж, амьдрахыг уриалж байгаа юм.

 

Өвөрхангай аймгийн хувьд Монгол орныхоо төв цэгт, Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Баруун аймгууд руу чиглэсэн хоёр магистрал зам Арвайхээр, Хархорин сумаар дайран өнгөрдөг учраас дэд бүтцийн шийдлүүд харьцангүй сайн, зах зээлийн багтаамжтай, хүн амаараа улсад хоёрт ордог, эдийн засаг нь хөдөө аж ахуйд суурилсан аймаг юм.


Улаанбаатараас Өвөрхангайд шилжин очиж суурьшихыг хүссэн иргэдэд газар олголт, ажлын байр, хөнгөлөлттэй зээл, тав тухтай орчныг санал болгож байна. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэл, аялал жуулчлал, газар тариалан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1287 нэгж талбарын 264.1 га газрыг төлөвлөөд байна.

 

Мөн одоогоор аймгийн хэмжээнд төрийн захиргаа, үйлчилгээ, хувийн хэвшлийн салбарт 270 гаруй ажлын сул орон тоо байгаа юм.

 

Аймгийн хэмжээнд 3 мянга гаруй айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины болон нийтийн орон сууцанд амьдарч байгаа ба 2023 онд 458 айлын орон сууц ашиглалтад орно.

 

Монгол Улсын Засгийн газраас орон нутагт шилжин ажиллаж, амьдрах иргэдэд ипотекийн болон бизнесийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсний дагуу Өвөрхангайд шилжин очигсод энэ боломжийг эдэлнэ. 

"Хөдөөгийн сэргэлт" бодлого нь нэг талаас орон нутгуудад боломж олгож, нөгөө талаас аймгууд хоорондын өрсөлдөөнийг бий  болгож байгааг чуулганаар онцоллоо.

 

Улсаас үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүсчилсэн бодлого, албан хаагчдын цалин ижил тэгш байх бодлого явуулж, орон нутагт төсөв санхүү, боловсон хүчин, хөрөнгө оруулалтын бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжоор хангавал дээрх өрсөлдөөнд аймгууд, бүс нутгууд идэвхтэй оролцох боломжтой гэж аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.




Related news