Гулленыг шилжүүлэн өгөх талаар ярихаас Обама цааргалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-05 10:21:41

ХАНЖОУ. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдогантай Хятадад уулзах үеэрээ лалын шашны номлогч Феттулла Гулленыг шилжүүлэн өгөх асуудлыг ярилцахаас цааргалж булзжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Хятадын Ханжоу хотод “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэд  уулзсан байна.

Долдугаар сард Туркэд цэргийн эргэлт хийх оролдлого болсноос хойш тэд анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм.

Эх сурвалжуудын хэлснээр, цэргийн эргэлт хийхийг оролдсоныг уг уулзалтын үеэр Обама дахин зэмлэн буруушаахын сацуу “Туркийн ардчилал бат бөх учир цэргийн эргэлт хийх оролдлого амжилтгүй болсон” гэжээ.

Цэргийн эргэлт хийх оролдоготой холбоотой гэгдэж буй номлогч Гулленыг шилжүүлэн өгөхийг АНУ-ын засгийн газраас Эрдоган дахин шаардсан бололтой.

Туркийн тал мэдэгдэхдээ “цэргийн эргэлт хийх оролдлого болохоос өмнөх номлогчийн талаарх баримтуудыг Туркийн эрх баригчид Америкийн талд өгсөн. Харин одоо цэргийн эргэлт хийх оролдлоготой тэрбээр холбоотой болохыг нотлох баримтуудыг нэмж өгнө” гэжээ.

Гуллены эсрэг нотлох баримтуудыг АНУ-ын холбогдох албаны хүмүүс судалж байна гэж Обама хэлсэн байна. Харин Гулленыг шилжүүлэн өгөх эсэх талаар ярилцахаас Обама цааргалжээ.

Г.Доржханд

 

Related news