ДУНДГОВЬ: Төл нь дотроо амьгүй болсон ингэнд мэс ажилбар хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Угтаал
чандмань” хоршооны захирал, малын их эмч Д.Амгалан тус сумын Морьт багийн
малчин Мэргэнбаярын цагаан ингэнд кесар хагалгаа хийжээ. Тэрээр өмнө нь үхэр,
бог малд ийм хагалгаа хийдэг байсан бол тэмээнд анх удаа хийсэн байна.
Д.Амгалан 1981 онд ХААДС-ийг төгсөж, малын их эмчийн
мэргэжил эзэмшсэн бөгөөд 2000 онд “Угтаал чандмань” хоршоог байгуулжээ. Тус
хоршоо сумын малчдад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, иргэдэд өргөн хэрэглээний
бараа нийлүүлэх худалдааны бизнес эрхэлдэг.
Тэмээнд хийсэн мэс ажилбарын тухай
Д.Амгалангаас тодруулахад, “Төл нь дотроо амьгүй болчихсон болохоор эхийг нь
аврахын тулд ийм мэс ажилбар хийсэн. Уг нь залуу байхдаа гараар дотор нь
мөчилж, эвдээд авчихдаг байсан, одоо бол гар цуцаад тэгэх боломжгүй.
Би 1981 онд анх малын их эмч болоод
Дэлгэрхангай суманд ажиллаж байхдаа ботго нь эхийнхээ гэдсэнд эндчихсэн олон
ингийг аварч байсан. Тэмээ их хэцүү, том биетэй, хүчтэй. Тэр үед залуу ч байж,
дандаа гараар дотор нь эвдэж авна, 10 минут болоод л гар цуцдаг, мэдээгүй
болдог байлаа.
Өмнө нь үхэр, бог малд кесар хагалгаа хийдэг л байсан. Энэ жил цаг муу, малын тамир ч сайнгүй байгаа. Тэгээд ч сумынхаа 2 залуу их эмчид туршлага болгох үүднээс тэмээнд анх удаа ийм ажилбар хийлээ. Эхийх нь амийг аварч чадсан” гэлээ.