ДУНДГОВЬ: Сэтгэл зүйн боловсрол олгох өдөрлөг энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт “Сэтгэл зүйн боловсрол олгох” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 18-наас зохион байгуулж, "Лантуун дохио" ТББ-ын сэтгэл зүйч Л.Ариунжаргал, Б.Аззаяа нар “Ид шидийн орон” хүүхэд, хөгжил хамгааллын төвд ажиллаж байна.
Мэргэжлийн сэтгэл зүйчдийн ганцаарчилсан
зөвлөх үйлчилгээнээс гадна "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-д хүүхдүүдэд зориулсан
сэтгэл зүйн өртөө зохион байгуулж, оролцогч хүүхдүүдэд оношилгоо хийж,
тайвшруулах дасгал хийлгэн, сэтгэл зүйн тоглоом тоглуулж, мэдрэмжээ
илэрхийлэхэд нь тусалж, зөвлөгөө өгч байна.
Дундговь аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр
бүл, хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, сэтгэл зүйчдийг чадавхжуулах,
мэргэжлийн сэтгэл зүйч нарыг бэлтгэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус
аймгийн хэмжээнд "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ, Мандал сургууль болон Эрдмийн
далай цогцолбор сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг бол бусад
сургуульд мэргэжлийн хүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
чиглэлээр ажиллах мэргэжлийн хүний нөөц хангалтгүй байгаа юм.
Тиймээс өдөрлөгийн үеэр ганцаарчилсан
зөвлөгөө авах өсвөр насны хүүхдүүд, эцэг эх олон байгааг "Ид шидийн
орон-Дундговь" ХХХТ-ийн захирал М.Санжаасүрэн онцоллоо.
“Сэтгэл зүйн боловсрол олгох” нээлттэй
өдөрлөг 3 дугаар сарын 29 хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд “Сэтгэл хөдлөлөө
удирдах нь” лекц, бүлгийн сургалт, анги хамт олныг эерэгжүүлэн багийн харилцааг
сайжруулах сургалт зохион байгуулна. Мөн Сэтгэл судлалын үндэсний төвийн
гйүцэтгэх захирал Б.Ууганцэцэг тус аймагт ирж, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч
нарт сургалт хийж зөвлөгөө өгнө.