ДУНДГОВЬ: Саруулын амны бичээс нь түүх, соёлын содон дурсгал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалын сумын нутагт түүх, соёлын олон дурсгал байдгийн нэг нь бичиг үсгийн содон дурсгал болох Саруулын амны бичээс юм.
Саруулын амны бичээс нь тус аймгийн тусгай хамгаалалтад харьяалагддаг бөгөөд сумын төвөөс зүүн хойш 2-р багийн нутагт 30 орчим км газарт Аараг хадны зүүн үзүүр, Саруулын амны өвөөлжөөний эхэнд байрладаг.
Барсгар гадаргатай, саарал боржин хаданд тод, томоор цохиж бичсэн 2 мөр төвөд, 16 мөр монгол бичээсийг судлаачид тайлан уншиж, монгол оронд улаан малгайтны бүлгийнхэн шашин дэлгэрүүлж байсан үе буюу 17 дугаар зууны үед холбогдохыг тогтоожээ.
Баянжаргалан сумын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Г.Лувсандагва хад чулуунд үлдсэн энэхүү бичээсийг тайлбарлахдаа, “Эрдэнэбаатар хун тайжийн аян замын тэмдэглэл” хэмээн доктор, профессор Г.Аким судлан гаргасан гэжээ.
Түүх, соёлын уг дурсгалыг хамгаалах зорилгоор 2008 онд аймгийн тусгай хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн авчээ.