Дөрөвдүгээр сарын ууган барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-08 11:04:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.


Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Б.Зоригтбаатар харцага өнгөрсөн сард нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн. Тэгвэл төрөлх нутгийнхаа 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлснээр дөрөвдүгээр сарын ууган барилдааны түрүүг авч байна. Харин Р.Пүрэвдагва арслан 15 дахь барилдаандаа дараалан зодоглож, 2024 он гарснаас хойш Бөхийн өргөөнд хоёр дахиа үзүүрлэв.


Харин их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Отгонбаатар нар шалгарлаа.


Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдэв.


Ташрамд дурдахад, энэ сарын 11-14-нд Монгол бөхийн өргөөнд дөрвөн барилдаан болно. 

Related news