ГОВЬ-АЛТАЙ: 2021-2023 онд 260 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-14 10:47:29

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 14  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021-2023 онд 260 мянган мод тарьсан бөгөөд нийт тарьсан модны 80 хувь ургаж байгаа тухай БОАЖГ-аас танилцуулав.


Тодруулбал, Аймгийн хэмжээнд 2021 оноос хойш жимс жимсгэний модыг 70 мянга, хамгаалалтын ойн зурвас 120 мянга, төв суурин газарт 180 мянган ширхэг мод тарьжээ.


Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь цөлжөөд байгаа бөгөөд цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцуулсан. Тэгвэл цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Говь-Алтай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих ажлыг өрнүүлж байгаа юм. Тус аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ойтой гэж үздэг. Тухайлбал, таван сум шинэсэн ойтой бол 11 сум заган ойтой.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд говьд ургадаг шинэс, заган ойг үржүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ жилийн тухайд нэмж тариалалт хийлгүйгээр нөхөн сэргээж, арчилгааг илүүтэй анхаарч 8000 модыг нөхөн тарьсан тухай БОАЖГ-ын Ой хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвдорж мэдээллээ.


Харин бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд хаврын тариалалтын тухайд Есөнбулаг сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж албан байгууллага шинээр болон нөхөн тарилт хийхээр 24 га талбайд 7100 ширхэг улиас, хайлаас зэрэг хоёр төрлийн мод тарилаа. Мөн тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад сургалт хийх, усалгааны худаг засварлах, бор шороо элс бууц татах ажлыг зохион байгуулсан тухай аймгийн БОАЖГ-аас танилцуулсан юм.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриаллаа.

Related news