ДАРХАН-УУЛ: Үнсэн самбар нь цаас ховор үед бичгийн гол хэрэглэгдэхүүн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-12 14:28:11

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн сан хөмрөгт байгаа ховор, содон үзмэрээс та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад мод, ясны үнс ашиглан бүтээсэн үнсэн самбарыг онцолж байна. Уг самбар нь цаас ховор цагт бичгийн гол хэрэглэгдэхүүн байжээ.




Монголчуудын өнө эртнээс өргөн хэрэглэж байсан уламжлалт бичгийн хэрэгсэл болох үнсэн самбарыг Дархан-Уул аймгийн музей 1996 онд худалдаж авч үзүүллэгийн танхимд дэлгэсэн байна.


Дөрвөн модон хуудас бүхий үнсэн самбарыг хийхдээ модыг нимгэлэн засаж, тохирох хэмжээгээр хуудас болгон ар шилээр нь илгээр даруулан нааж урлажээ.




Үнсэн самбарыг хэрэглэхдээ модон хуудасны ар, өвөр талд хүзүү, нурууны нугас түрхэж, түлсэн ясны үнсийг талхлан нүдэж түүн дээрээ түрхдэг байж. Түүн дээр хурц үзүүрлэсэн хулсан үзгээр бичнэ. Хэрэв өөр зүйлээр бичвэл үнс түрхэж баллаад дахин бичих зориулалттай бүтээж ашиглаж байсан гэж аймгийн музейн тайлбарлагч онцоллоо.




Уг самбар нь бичиг үсгийн сургалтад, ялангуяа гэрийн сургуульд маш чухал ач холбогдолтой байжээ.




Үнсэн самбарын тайлбарт XX зуун гэж тодотгосон бөгөөд 1900 оны эхэн үед магадгүй түүнээс өмнө ашиглаж байсан болох бөгөөд самбарт бичсэн бичгийг арилгаж, дахин бичиж болдог учраас цаас ховор тухайн үедээ бичгийн гол хэрэглэл байсан байна. 

 

 

Related news