Улсын хэмжээнд 15.4 сая төл бойжиж байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-07-17 10:41:43

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд хээлтэгч 17.0 сая мал төллөсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Харин 2023 оны эцэст төллөх 30.0 сая хээлтэгч мал тоологдсоноос 2.6 сая нь хорогдож 56.5 хувь нь төллөжээ. Харин гарсан төлийн 90.9 хувь буюу 15.4 сая нь бойжиж байна.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.1 сая толгой том мал зүй бусаар хорогджээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.2 /2.1 дахин   их/  саяар  нэмэгдсэн байна. Харин оны эхэнд байсан малын 12.5 хувь нь зүй бусаар хорогдсон дүн юм.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  • хонь 4.4 сая,
  • ямаа 2.6 сая,
  • үхэр 695.9 мянга,
  • адуу 453.3 мянга,
  • тэмээ 5.7 мянга,

Нийт хорогдсон малын 53.8 хувийг хонь, 31.9 хувийг ямаа эзэлж байна.

Энэ оны эхний хагас жилд хамгийн олон мал хорогдсон аймгуудын хувьд: 

  • Сүхбаатар аймагт 1.8 сая ,
  • Хэнтий аймагт 1.0 сая ,
  • Архангай аймагт 952.3 мянга,
  • Төв аймагт 715.4 мянга,
  • Дорноговь аймагт 614.0 мянга, 

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон  хээлтэгч малын 8.7 хувь нь эхний хагас жилд хорогдсон байна.  Харин нийт 90.7 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны  хувьд:

  • 41.1 мянга нь хуц,
  • 31.9 мянга нь ухна,
  • 9.4 мянга нь бух,
  • 8.2 мянга нь азарга,
  • 108 нь буур,

Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд 8.8 мянган мал өвчнөөр хорогдож, 2023 оны мөн үеийнхээс 44.2 мянгаар буурчээ. Хорогдсон нийт том малын 0.1 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг бусад шалтгаанаар хорогдсон. Харин 99.8 хувь нь аюулт үзэгдлээр, 0.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна


Том малын зүй бус хорогдол: Гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон /халдвартай, халдваргүй/, зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон төл малаас бусад малыг оруулна.

Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь: Зүй бусаар хорогдсон том малын тоог оны эхний малын тоонд харьцуулан 100-гаар үржүүлж тооцно.

Төллөлтийн хувь: төллөсөн хээлтэгчийн тоог оны эхний хээлтэгчийн тоонд харьцуулж тооцно.

Төл бойжилтын хувь: бойжуулсан төлийн тоог нийт гарсан төлийн тоонд харьцуулж тооцно гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Related news