Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 1 970 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-07-23 10:16:36

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улиралд 50.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 753.4 мянган ажиллагч хамрагдлаа.

Хамрагдагсдыг салбараар нь авч үзвэл:

  • 112.0 мянга нь боловсролын салбар,
  • 108.4 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар,
  • 77.1 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбар,
  • 72.4 мянга нь боловсруулах салбар,
  • 52.1 мянга нь тээвэр, агуулахын салбар,
  • 48.6 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар,
  • 48.2 мянга нь барилгын салбар,
  • 42.7 мянга нь уул уурхай, олборлолтын салбар,
  • 29.9 мянга нь санхүүгийн болон даатгалын салбар,
  • 28.1 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны,
  • 134.0 мянга нь бусад салбар байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 924, ажиллагчдын тоо 16.6 мянгаар нэмэгджээ. Эхний улирлын тайланд хамрагдсан ажиллагчдын сарын голч цалин 1798.7 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2283.7 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 452.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн салбарын ангиллаар авч үзэхэд:

  • уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их 5.7 сая төгрөг,
  • зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага 1.4 сая төгрөг,

Бодит цалингийн индексийг салбараар 2023 оны оны мөн үеийнхтэй харьцуулж харвал:

  • хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн ажиллагчдын бодит цалингийн нэмэгдэл  хамгийн өндөр,
  • олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн цалин, орлогыг дараах бүлгүүдэд хувааж, 2024 оны эхний улирлын дүнг 2023 оны мөн үетэй харьцуулахад:

  • бага цалинтай даатгуулагчийн эзлэх хувь буурсан,
  • 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь нэмэгджээ.

Эхний улиралд нийт даатгуулагчийн дотор 2-3 төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их нь 23.5 хувьтай гарчээ.


Сарын дундаж цалин тухайн ААНБ-ын ажиллагчдын тооноос шууд хамаарч байна. Ажиллагчдын тоо дээшлэх тутам сарын дундаж цалин нэмэгдэх юм.


Эхний улирлын ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд:

  • Улаанбаатар хотод 2.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 110.0 мянган төгрөгөөр дээгүүр,
  • бусад бүсэд улсын дунджаас 54.4-629.0 мянган төгрөгөөр доогуур,

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд:

  • хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг,
  • хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.6 сая төгрөг,
  • төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2.9 сая төгрөг, 

Нэрлэсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудын авдаг цалин улсын дунджаас 96300-613200 төгрөгөөр их байна. Бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 289700-1006200  төгрөгөөр бага байгаа юм.


Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 1970.0 мянган төгрөг байна.


Эхний улиралд эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 580.5 мянган төгрөгөөр илүү байна. Тухайлбал:

  • эрэгтэйчүүдийнх 2.6 сая,
  • эмэгтэйчүүдийнх 2.0 сая төгрөг,

Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2022 оноос хойш тогтмол нэмэгджээ. Нөхөрлөл, хоршоо болон төрийн бус байгууллагад ажиллагчдын эмэгтэйтэйчүүдийн цалин өндөр, бусад  хэлбэрийн байгууллагуудын хувьд эрэгтэйчүүдийн цалин өндөр байх жишээтэй.


Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлээр авч үзвэл:

  • менежерийн ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2.9 сая төгрөг,
  • ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1. 2 сая төгрөг,

Цалин хөлс нь: Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэнэ. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.

Жишээ нь: Иргэн Э-гийн бодогдсон цалин 2,283,674 төгрөг гэж үзээд, гарт олгох цалинг тооцоход 1,830,946 төгрөг болж байгааг доорх зурагт харууллаа.


Дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм.

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй, татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм. Нэрлэсэн цалингийн индекс нь тайлант болон суурь хугацаа (жил, улирал)-ны нэрлэсэн дундаж цалин хөлсний хувиар илэрхийлсэн харьцаа байна.

Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Бодит цалингийн индексийг тооцохдоо нэрлэсэн цалингийн индексийг, тайлант хугацааны хэрэглээний үнийн индексэд харьцуулж, 100-гаар үржүүлнэ.

Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Related news