К.Харрис санал асуулгын дүнгээр илүүрхэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-24 09:44:20

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 24. /РОЙТЕРС/. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНН-аас нэр дэвшсэн Дональд Трампаас нэр хүндийн хувьд илүү байна. Үүнийг Ройтерс агентлаг ба социологийн судалгааны Ipsos албанаас хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харууллаа.


АНУ-ын насанд хүрсэн 1241 иргэн оролцсон уг санал асуулгын дүнгээр Харрисыг дэмжиж буй хүмүүсийн тоо  Трампыг дэмжигчдийнхээс 2 пунктээр илүү буюу 44:42 гэсэн хувийн харьцаатай байжээ. Уг асуулгыг Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа буюу 22-23-ны өдрүүдэд явуулжээ.  Харин 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээр дээрх харьцаа 44:44 хувь байсан бол 7 дугаар сарын 1-2-нд явуулсан санал асуулгаар Трамп 1 пунктээр илүүрхэж байсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд 21-ний өдөр Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. 

Related news