ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-04 14:49:37

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн шашны нэгдүгээр танхимын гол үзмэрүүдийн нэг нь уран Сүрэнгийн бүтээлүүд юм.


Түүний бүтээлүүдээс бурхны дүрст бүтээлүүдийг онцолж байна. Тэрээр 1930-аад оны үед амьдарч байсан дархан хүн. Алдархаан суманд төрсөн бөгөөд одоогийн Дөрвөлжин, Алдархаан, Ургамал гээд сумын нутагт суурьшин амьдарч байжээ.  Богд хааны дэргэд бурхан бүтээж байсан гэх баримт байдаг. Тэрээр ихэвчлэн шаазан, төмөр, алт, мөнгө, модоор бурхан бүтээдэг байжээ.


Ялангуяа модны судал, нарийн хялгасан судлын дагуу бурхны үйл хөдлөлийг дүрсэлж, хөөмөлдөж сийлдэг дархан хүн юм. Мөн бурхны бүтээлүүдээ урлахдаа бурхны үйл хөдлөл, нүдний хөдөлгөөнийг амьд мэт уран нарийн урлаж, утга төгөлдөр агуулгыг бүрэн шингээж маш нарийн чимхлүүр сийлбэрүүдийг хийдгээрээ онцлогтой.  


Уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг болох Модон пүрэв аймгийн музейн шашны танхимын гол үзмэрийн нэг юм. Энэхүү Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна. Модон, төмөр Пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номхотгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм.

Уран Сүрэнгийн бүтээлүүд олон музейд дэглэгдсэн байдаг. Чойжин ламын сүм музей, Богд хааны музей, Монголын үндэсний музейд түүний бүтээлүүд хадгалагдаж байна гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.


Уран Сүрэнгийн бүтээл модон Пүрэв 


Нархажид Балданлхам, Уран Сүрэнгийн модон сийлбэр бүтээлүүд 19-р зуун  

Related news