Э.Содонтогос: Сэрсэн тал шиг сэтгэлд нь эгшиглэтэл, жороон жороо шиг хийморь нь сэргэтэл орчуулцгаая
МОНГОЛЫН МЭДЭЭ | Монголын орчуулагчдын анхдугаар чуулганУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын орчуулагчдын анхдугаар чуулганд МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Мэргэжилт нэгт эрхэм нөхдийн хамт Монголын орчуулагчдын анхдугаар чуулга уулзалтанд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Дэлхийн орчуулагчдын өдрийг тохиолдуулан ахмад эрдэмтэн гүүш, үе тэнгийн орчуулагч хэлмэрч, мөн шинэ үеийн төлөөлөл залуусдаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Саяхан орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатартай
санаа бодлоо хуваалцан хөөрөлдөн байхад, “Өнөөгийн сонирхолтой атлаа адармаатай
цаг үед орчуулагч болж төрсөн нь тун цөөхөн хүнд хамаатай олдошгүй ховор заяа
мэт санагдах үе цөөнгүй” гэж хэлсэн нь санаанд бууж байна. Бидний мэргэжлийн онцлог,
сайн сайхныг, бас хүнд хэцүү, сорилт бэрхшээлийг хэлэлцэж, төр засаг, олон
нийт, бас орчуулагч бидэнд өөрсдөд манай мэргэжлийн үнэ цэн, үнэлэмжийг
ойлгуулах чухал ач холбогдолтой хурлыг санаачилсан, дэмжсэн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газар болон МУИС-ийн удирдлага, хамт олонд талархал
дэвшүүлье.
Монгол гэдэг нэрийг ертөнцийн сонорт
дуурьсгахад орчуулагч, дуун хөрвүүлэгчид онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн
билээ. Эдүгээ дэлхий даяаршиж, гадаад хэлийн эзэмшсэн, түүгээр харьцах иргэдийн
тоо үлэмж нэмэгдэж буй хэдий ч улс үндэстэн, төр улс, төрт ёс оршин байгаа цагт
орчуулагчийн орон зай хумигдах бус, харин ч улам тэлж, орчуулагч өргөн дэлгэр,
гүн бат мэдлэгийг эзэмших шаардлага илүүтэй тавигдаж байна. Аливаа гадаад
хэлийг сурч мэдэн өөрийн хэрэгцээ, хэрэглээгээ хангах нэг хэрэг. Харин улс үндэстнийхээ эрх ашгийн манаанд
хөтөлгөө морьтой харуул занги шиг зогсож, төрийн нарийн бодлого, холч санааг
бусад улсуудынхтай зохицолдуулахад орчуулагчийн торгон ухаан, мяндсан мэдрэмж
амин чухал билээ. Эрт дээр үеэс аливаа төр улсын мэргэн зөвлөх, үндэстний багш
нь орчуулагч гүүш хүмүүс байсан гэдэг нь нэгийг өгүүлнэ.
Уран зохиолын орчуулгын өнөөгийн байдлын
талаар Монголын орчуулагчдын эвлэлийн тэргүүн О.Чинбаяр ярих тул би энэ сэдвийг орхин төрийн болон дипломат орчуулга, мэргэжлийн орчуулга, мөн аман орчуулгын
талаар өөрийн санаж бодож явдаг зүйлсээс товчхон хуваалцъя гэж бодлоо.
Нэн тэргүүнд, бид нэр томьёоны орчуулгыг
зүгшрүүлэх хэрэгтэй байна. Үүнийг эхэнд нь онцлохын учир нь миний цааш ярих
салбарын мэргэжлийн орчуулга, нэн ялангуяа бичгийн орчуулгын чанарт шууд
холбоотойд оршино.
Нэр томьёо бол нэгж мэдлэг гэж манай
мэргэжилтнүүд маш оновчтой тодорхойлж хэлсэн байдаг. Монгол хэлэнд шинээр орж
ирж байгаа нэр томьёог зөв оноож орчуулж, нийтэд таниулж, хэрэглээнд хэвшүүлэх
нь нэн чухал бөгөөд тогтмол хийгдэж байх ёстой ажил. Энэ бол салбар болгонд
хамаатай асуудал. Мэргэжлийн хүмүүс нь хэл шинжлэлийн эрдэмтэд мэргэжилтнүүдтэй
хамтарч энэ ажлын эрчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд Хэлний бодлогын
Үндэсний зөвлөлөөс саяхан зохион байгуулсан “Нэр томьёо ба шинжлэх ухаан,
технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлаас нааштай хүлээлттэй үлдлээ.
Төрийн болон дипломат орчуулга
Монгол төр засгийн бодлогыг гадаад ертөнцөд таниулах, сурталчлах, гадаад харилцааг хэрэгжүүлэх төрийн албанд дипломат орчуулагчид ажилладаг. Манайд тусгайлан бэлтгэгдсэн дипломат орчуулагчид байхгүй бөгөөд мэргэжлийн дипломатууд бичгийн болон аман орчуулгыг гүйцэтгэдэг. Гадаад харилцааны яам чиглэлийн болон бусад газраас бүрдсэн дипломат орчуулга хийх багтай. Түүнд нь хэлний өндөр мэдлэгтэй, мөн орон хариуцсан ажилтнууд багтдаг.
Дипломат орчуулга хийх хүн хэлний
мэдлэгээс гадна олон улсын харилцааны мэдлэг, туршлагатай байх нь чухал. Олон
улсын эрх зүй, олон улсын худалдаа, НҮБ зэрэг олон талт хамтын ажиллагаанд
хэрэглэгддэг үг хэллэг бидний өдөр тутмын болон уран зохиолын үг хэллэгээс өөр,
мэргэжлийн нарийн мэдлэг шаарддаг. Олон зуун хуудас гэрээ хэлэлцээр дээр зарим
тохиолдолд ГХЯ гаднаас орчуулагч авах тохиолдол гардаг ч хянан тохиолдуулж
эцэслэхээ дипломатууд өөрсдөө хийнэ.
Дээд өндөр түвшний хоёр талын яриа
хэлэлцээг тухайн улс орныг өдөр тутам судалж, хоёр талын харилцааг гардан
хариуцдаг ажилтан хийх нь олон улсын түгээмэл практик юм. Дипломат орчуулгыг
дипломат хүн хийх нь дипломат бодлого, соёл, протоколтой холбоотой. Орчуулагч
тухайн албан тушаалтны үгийг ямар нэгэн алдаа мадаггүй орчуулах үүрэгтэй.
“Алдаа мадаггүй” гэдэгт үгийн сонголт гэх мэт дээр “ухаан зарж”, “урлаж орчуулах”-ыг
бас хэлнэ. Тиймээс орчуулагчийн авьяас ур чадвар яриа хэлэлцээний ерөнхий уур
амьсгалд нөлөөлдөг (чингэхдээ хэнд ч анзаарагдахгүй байдлаар) бөгөөд яриа хэлэлцээнд сайн
орчуулагчтай орох нь чухал.
Дипломат орчуулагч хурдтай байхын сацуу анхаарлаа машид төвлөрүүлж орчуулна. “Уучлаарай, та дахин хэлнэ үү” гэх эрх дипломат орчуулагчид бараг байхгүй. “Бараг” гэхийн учир нь маш нарийн, техникийн шинжтэй асуудал дээр буюу онцгой тохиолдолд л лавлаж асууна уу гэхээс дахиж асуух эрх байхгүй гэсэн үг.
Хоёр удаа лавлаж асуухад
тухайн яриа хэлэлцээ бүхэлдээ унах талруугаа хэлтийж, бүр эвгүйтвэл
орчуулагчийг солих хэмжээнд хүрдэг.
Албан тушаалтан санаандгүй зарим нэг
тоо, он сар өдөр, хүний эсвэл газар орны нэрийг илт алдаж хэлэхэд орон хариуцсан
ажилтан алдааг засаж орчуулдаг (өөр орчуулагч бол магадгүй орчуулах л үүрэгтэй гээд орхиж
болох ч дипломатч хүн бол “эвтэйхэн” залруулж хэлэх үүрэгтэй). Түүнээс гадна дипломат орчуулга хийж
буй хүний хошин шогийн мэдрэмж ч өндөр байх ёстой. Адил үгийг инээж хэлэх,
хөмсгөө зангидаж хэлэхэд утга өөрчлөгдөх тохиолдол цөөнгүй тул орчуулагч
мэдрэмжгүй бол улс төрийн алдаа гарах ч эрсдэл бий. Жишээлбэл, улстөрч, албан
тушаалтан нөгөө улсынхаа зан заншил, цээрлэдэг зүйлийг мэдэхгүй байж болно.
Харин орон хариуцсан орчуулагч заавал мэддэг байх үүрэгтэй. Энэ нь үл
хүндэтгэх байдал, үл ойлголцлоос сэргийлдэг.
Дипломат орчуулгын нэгэн чухал
бүрэлдэхүүн хэсэг бол дипломат баримт бичиг, гэрээ хэлэлцээрийн орчуулга
юм. Гэрээ хэлэлцээрийн яриа хэлэлцээг эрх зүйчид хийж,
төслөө орчуулж тохиролцоно. НҮБ болон олон талт хамтын ажиллагааны яриа
хэлэлцээ, бичиг баримтын орчуулгыг олон талт харилцаагаар мэргэшсэн дипломатууд
хийдэг. Хэвлэлийн мэдээ, хамтарсан мэдэгдэл, хамтарсан тунхаглалын хоёр талын
харилцааны хэсгүүдийг тухайн харилцааг
сайн мэддэг чиглэлийн газрын дипломатууд орчуулдаг. Гадаад бодлогын ерөнхий
асуудлууд, манай улсын байр суурьт хамаатай хэсгүүдийг бодлогын асуудал
хариуцсан дипломатууд хянан тохиолдуулдаг. Эдгээр бичиг баримтад манай улсын
хүлээх үүрэг бичигддэг, мөн түүхэнд үлдэж, архивт хадгалагдан ирээдүйд өвлөгдөх
хар хайрцагны бодлогын бүрэлдэхүүн болдог учраас дипломатууд энэ ажилдаа нэн
хариуцлагатай ханддаг. Ер нь дипломат орчуулга бол дипломат бодлогын нэг хэсэг гэж
би боддог.
Эрсдэл өндөр тул нэн чухал дипломат
орчуулгыг аль болох туршлагатай хүн хийх нь зөв. Залуучууд хурдтай орчуулдаг
боловч хаана акцент өгч байгаа, ярианы тактикийг туршлагатай орчуулагч нар илүүтэй
мэдэрдэг.
Ер нь, дипломат яриа хэлэлцээнд орчуулагчийн хоолойны өнгө, нүдний харц хүртэл чухал байдгийг орчин цагийн залуу орчуулагчид санаж явах ёстой.
Анх намайг дипломат орчуулга хийхэд Л.Эрдэнэчулуун сайд нэг зүйл хэлснийг би байнга санаж явдаг. “Хоёр улсын төрийн тэргүүн орчуулагчгүйгээр ярьж байгаа мэт бүрэн ойлголцож, халуун дулаан харилцаж байвал орчуулагч ажлаа сайн хийж байна гэсэн үг. Өөрийгөө тосолгоотой машин гэж бод” гэж хэлж байсан.
Синхрон буюу зэрэгцээ орчуулга, мөн
дагалдах орчуулгын талаар дахин өгүүлэхэд орчуулагчийн эх хэлний мэдлэг, үгсийн
сан, өвөрмөц үг хэллэгийн талаарх мэдлэг нэн баялаг байх, Монголын болон олон
улсын улс төр, түүх, соёл урлаг, уран зохиолын талаар ахисан түвшний мэдлэгтэй
байвал тустай.
Аман орчуулгад анхаарах нэн чухал зүйл
бол орфоэпия буюу зөв дуудах дүрэм юм. Дуудлага аялга хоёр тас ондоо
ойлголт болохыг, ялангуяа залуу орчуулагчид маань ойлгоорой. Америк аялга,
Британи аялгаар ярьж байна гээд зөв дуудах дүрмийг умартаж, зарим үгийг буруу
ойлгуулах, улмаар таагүй байдал үүсэх тохиолдол гардаг тул үүнийг дурдах нь
зүйтэй гэж үзлээ.
Бичгийн орчуулгад зөв дуудаж буулгах
дүрмийн мөрдөх хэрэгтэй байна. Түүхэн баатруудынхаа нэр, хот сууринаа өнөөг
хүртэл гаднын судлаачдын галигласнаар явж Их эзэн Чингис хааны нэрийг хүртэл
Гэнггис гэж дуудуулмааргүй байна аа.
Мөн нэгэн түгээмэл гаргадаг алдаа бол
айлын талын зочин яриан дундаа хошин зүйрлэл хэлэх, эсвэл инээдтэй зүйл ярихад
орчуулагч орчуулахаасаа өмнө өөрөө инээж "аваад" өөрийн талдаа орчуулах нь маш
бүдүүлэг үйлдэл бөгөөд залуу орчуулагчдад үүнийг сануулах нь бидний үүрэг
билээ. Энэ мэт олон нарийн мэдлэг, мэдрэмж, ур чадварыг орчуулагч бэлдэж буй
багш нар маань ч анхаарах буй заа.
Зарим улс орон, нийслэл хотын нэрийг
жигдлэх, дипломат нэр томьёог монголчлоход Гадаад харилцааны яам, Хэлний
бодлогын үндэсний зөвлөлтэй хамтарч хийх ажлууд байгаа билээ.
Гадаад харилцааны яам орчуулагч бэлтгэх
ажил дээр онцгой анхаарч ажиллаж байгааг бас дурдах нь зүйтэй. Берлин дэх дипломат академитэй орчуулагч бэлдэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа
эрчимжүүлэх, мөн Шинэ Зеланд, Бельгид орчуулагч бэлдэж байсан туршлагаа сэргээх
гэх мэт хөрөнгө хүч зарж тодорхой ажлуудыг эхлүүлж байгаа билээ.
Хуулийн орчуулга, санхүүгийн орчуулга
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний адилаар бид цаашид олон тооны хөрөнгө оруулалтын гэрээг олон салбарт байгуулна. Гэрээний яриа хэлэлцээнд санхүү, хуулийн нэр томьёо, ард нь байгаа ухагдахууныг сайтар мэддэг орчуулагчид ихэд хэрэгтэй байна.
Улс орон хөгжихийн хэрээр түүний уран зохиол, соёл, түүхийг дэлхий илүүтэй сонирхож эхэлдэг гэж Г.Аюурзана зохиолч, орчуулагч саяхан хэлсэн нь яриангүй үнэн.
Киноны орчуулгад онцгой анхаарах цаг аль хэдийн болжээ. Олон жишээ дурдмаар байвч азная. МҮОНТВ-ийн кино орчуулгын албанд Монголын нэрт орчуулагч Хасбаатарын Мэргэн ажиллаж байсан нь ихээхэн баялаг өв үлдээсэн. Ямартай ч киноны орчуулгын чанарын сайжруулах нэн шаардлагатай байгааг онцлохыг хүслээ. Эс бөгөөс орчуулгын салбарын соён гэгээрүүлэх үүрэг ноцтой доголдож, мэдлэг оюуны, гоо зүйн таашаал өгөх нь битгий хэл ухаан санаа буртаглах үйлдэл болно.
Ер нь, ганц киноны орчуулгын чанараас болоод ч бус, орчуулгын шүүмж, судлалыг хөгжүүлэх цаг хэдийн болсон билээ. Гэхдээ энэ талаар миний дараа ярих хүмүүс дэлгэрүүлж ярина гэж бодож байна.
Ингээд хэвлэл мэдээллийн салбар дахь орчуулгын талаар ярья.
Гадаадад Монголын улс төр, нийгэм,
эдийн засгийн мэдээллийг монгол хэлээс орчуулан хүргэх ажлыг МОНЦАМЭ агентлаг,
МҮОНРТ-ийн MNB World суваг, Монголын радиогийн гадаад мэдээний алба, ММ
агентлагийн гадаад мэдээний редакц гүйцэтгэж байна. Хэвлэл мэдээллийн бараг
бүхий л байгууллага, тэр дотроо телевизүүд гадаад мэдээний редакцтай тул
дэлхийн мэдээг манай үзэгч, уншигчид шуурхай хүлээн авдаг билээ. ММ агентлагийн
гадаад мэдээний редакц, Ийгл ТВ, ТВ-5, ТВ-9-ийн дэлхийн мэдээ олон арван жилийн
турш Монголын үзэгчдийг, манай нийгмийг дэлхийтэй ойр байлгаж байгааг онцлон
тэмдэглээд тэнд ажиллаж байсан, ажиллаж байгаа орчуулагч редакторуудад Орчуулагчдын
баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн талархал илэрхийлж баяр хүргэе.
2018 онд MNB World сувгийг нээн
ажиллуулж байгаа нь зоримог алхам болсон билээ. Эдүгээ энэ суваг Монгол Улсыг
гадаадад сурталчлан таниулах үндсэн суваг болж байгаагийн хувьд хөтөлбөрийн
агуулга, цар хүрээгээ нарийн бодож боловсруулдаг байх. Сэтгүүлч, хөтлөгчдийн
англи хэлний мэдлэг ур чадвар маш өндөр байх шаардлагатай. Хөтөлбөрийнхөө
нэлээд хэсгийг монгол хэлээр англи хадмал орчуулгатай явуулж байгааг өөрчлөх
хэрэгтэй болов уу гэсэн бодолтой явдаг. Мөн Монголын радиогийн Монголын дуу
хоолой суваг, MNB World сувгийн англи мэдээний хөтөлбөр МОНЦАМЭ агентлагийн
англи, орос, хятад, япон хэлний мэдээг ашиглахдаа эх сурвалжаа дурдах нь
зүйтэй бөгөөд цаашид манай орчуулагчдын оюуны бүтээл болох мэдээ мэдээллийг
авах тохиолдолд бид зах зээлийн зарчмаар яриа хэлэлцээг хийх болно. Манай
агентлагийн бэлдсэн мэдээ мэдээллийг "Сүлд" ТВ ийм зарчмаар авдаг болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын гадаад
мэдээний албадын бэлтгэдэг мэдээ мэдээллийн тухай ярихдаа орчуулгын чанараас
гадна сэтгүүл зүйн амин зарчим болох тэнцвэртэй, бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй
гэдгээ хэзээ ч умартаж болохгүй бөгөөд мэдээллийн эх сурвалжаа төрөлжүүлэх нь
чухал.
Орчуулагч редакторууд олон эх үүсвэрээс мэдээний сонголтоо хийж байгаа нь бидний давуу эрх боловч үзэгчдэд тэнцвэртэй мэдээлэл авах эрхийг нь эдлүүлэх ёстой.
МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэж ирсэн түүхэн үүргийн талаар онцгойлон ярихыг хүсэж байна.
МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд
байгуулагдсан Монголын хамгийн ууган хэвлэл мэдээллийн байгууллагын нэг юм.
Монгол Улсаас гадаад улсад дамжуулсан анхны цахилгаан мэдээ нь “Монголчуудын бослого” нэртэйгээр МОНТА мэдээлэв хэмээн “Правда” сонинд 1921 оны 3-р сарын 18-нд нийтлэгдэж байлаа. Чухам энэ үеэс түүхэн он тооллоо эхлүүлдэг үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 1960-аад оноос маш нарийн шалгуурыг давсан, орос, англи, франц хэлтэй шилдэг боловсон хүчнийг ажиллуулж байсан бөгөөд үе үеийн гарамгай орчуулагчид тус агентлагаас төрж гарчээ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
анх “Үнэн” сонины дэргэд байсан “Новости Монголии” сониныг үргэлжлүүлэн гаргах
болсноор 1956 оноос монгол, орос хэлээр мэдээ гаргаж эхэлсэн байдаг. Түүнчлэн
“Өнөөгийн Монгол улс” сэтгүүлийг Энэтхэг улсад суугаа ЭСЯ-ыг түшиглэн 1959 оноос
англи хэлээр гаргаж эхэлжээ. Хятад хэлээр 1929 онд анх гаргасан “Ажилчны зам”
сониныг 1964 оноос “Мөнгү Шяоши Бао” нэртэйгээр гаргаж байлаа. Албан хэрэгцээнд
зонхилсон “МОНЦАМЭ-гийн ногоон мэдээ” хэмээх өдөр тутмын мэдээний хураангуйг
1960 оноос, гадаадын уншигчдад зориулсан “Монголын мэдээ” бюллетенийг 1985
оноос англи, франц хэлээр тус тус гаргаж байв. Төр засгийн бүх хэвлэл
МОНЦАМЭ-гийн гадаад мэдээг эх сурвалжаа болгодог, телетайп /туузан мэдээ/-аар
ирсэн гадаад мэдээг ганцхан МОНЦАМЭ л хөрвүүлж бэлтгэж байлаа.
Энэ тухайд, "МОНЦАМЭ тэр үед төр засгийн ганц мэдээллийн агентлаг болохоор радио, сонин бүгд л манай бэлтгэсэн дэлхий дахины үйл явдлын мэдээг авдаг байлаа. Тус агентлагийн гадаад мэдээний редактор, орчуулагчдын ажил өглөө маш эрт эхэлнэ. Монголын радио гэхэд л өглөө 6.00 цагаас, хамгийн түрүүнд МОНЦАМЭ-гийн бэлтгэсэн шинэ мэдээг сонсогчдод хүргэдэг байлаа.
Тиймээс Гадаад мэдээний редакц хоёр ээлжээр, өглөө 6-14 цаг хүртэл, оройн ээлж 14-20 цаг хүртэл тасралтгүй ажиллаж дэлхий дахины мэдээ, мэдээллийг орчуулан гаргаж радио, сонин, телевизэд түгээж байв. Мөн Монгол телевиз 1967 онд байгуулагдахад телевизийн гадаад мэдээг бид бэлтгээд, уншдаг байлаа. Тэр үеийн ЗХУ-ын Коммунист намын төв хорооны бүгд хурал, их хурлын хэдэн арван хуудас материал ТАСС-аас ирнэ. Үүнийг нь МОНЦАМЭ-гийн орчуулагчид өдөр шөнөгүй сууж орчуулаад маргааш нь “Үнэн” сонинд нийтлэгддэг байсан” хэмээн ахмад орчуулагч Я.Сүхбаатар дурсан ярьсан байдаг.
МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний
хэлтэст “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан Д.Гомбожав, “Монте Кристо” гүн
зэрэг олон сонгодог зохиол орчуулсан Д.Даш нараас эхлээд Х.Чулуунгомбо,
Г.Балдандорж, П.Шагдар, Ш.Нэмэхбаяр, Б.Дүгэр, Д.Базарваань, Ч.Чагдар,
Н.Намжилдорж, Г.Аким, Г.Бизьяа гээд хэдэн арван хуудас материалыг ч бичээчийн
дэргэд суугаад шууд хэлж өгдөг тэр үеийн гарамгай орчуулагчид ажиллаж байжээ.
Тэдний дараа үеийн Ц.Даваажав, С.Сандагдорж, Г.Пүрэвсамбуу зэрэг олон шилдэг
орчуулагч, редакторууд ажиллаж байсныг манай агентлагийнхан бахархан дурсдаг.
"Новости Монголии" сонин нь “Үнэн-Правда” гэсэн нэртэйгээр 1942
оны 5-р сарын 1-ний өдөр “Үнэн” сонины дэргэд байгуулагдсан тухай дээр цухас
өгүүлсэн билээ. Аугаа Эх орны дайны хамгийн хүнд хэцүү үед тус сонины анхны
эрхлэгчээр Монголын нэрт эрдэмтэн, зохиолч, билгүүн номч, бичгийн их хүн Бямбын
Ринчен ажиллаж “Новости Монголии” сонины дүр төрх, нийтлэлийн бодлогыг
төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тэрбээр ШУА-д ажиллаж байхдаа
ч тус сонинд байнга материал нийлүүлж байсан байдаг. Түүний үйл ажиллагааг нэрт
сэтгүүлч, дипломатч болон гадаад хэлний мэргэжилтэн Э.Түмэнжаргал, Д.Эрдэмбилэг
нар залгамжилсан юм.
Монгол орныг гадаадад сурталчлах үйлсэд "Новости Монголии" сонины гүйцэтгэсэн үүргийг нэр төртэй тууштай биелүүлж байгааг үнэлж 1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасан байна.
Тус сонины редакцад үе үеийн олон
чадварлаг орчуулагч, сэтгүүлчид ажиллаж байлаа. Тухайлбал, Д.Чулуунбат,
Б.Дашзэвэг, Р.Цэрэндаш, Ш.Нэмэхбаяр, Ч.Түмэндэлгэр, Монгол Улсын 25 дахь
Ерөнхий сайд Санжийн Баяр, Б.Долгион, С.Сайнбилэг, Я.Юндэн, Л.Лхагвадулам,
М.Баяртогтох, С.Миндиря, М.Энхээ, Г.Пүрэвсамбуу, Ц.Мөнх-Амгалан,
Ц.Энхтүвшин, А.Мурат, Д.Алтай, Н.Даваа, Д.Энхбаатар, Д.Солонго, Р.Баяр,
Д.Энхбилэг, Ц.Жаргалмаа, Н.Батаа, Ч.Пүрэвдорж, Д.Ариунболд, О.Чинбат, Б.Индра,
А.Огторгуймаа нарын шилдэг орчуулагчдынхаа хүчээр МОНЦАМЭ агентлагийн нэр хүнд
өндөр байж ирсэн билээ.
2017 оноос эхлэн МОНЦАМЭ агентлагийн
дотоод бүтцийн өөрчлөлтийн дагуу “Гадаадад мэдээлэх редакцын” орос хэлний
орчуулагчдыг “Новости Монголии” сонины редакцтай нэгтгэн Орос хэлний редакц нь
шинэ бүрэлдэхүүн буюу зургаан орчуулагчтай уран бүтээлийн ажлаа явуулж эхэлсэн.
“Мөнгү Шяоши Бао” / Монголын мэдээ / сониныг анх 1929 оны 9 дүгээр сарын 1-нд “Ажилчны зам” нэртэйгээр тэр үеийн Монголын үйлдвэрчний ерөнхий зөвлөлөөс Монголд оршин суугч хятад иргэдэд зориулан гаргасан түүхтэй. Тус сонин нь 1930-1940-өөд оны үед монгол орны дотоод, гадаад байдлыг шуурхай мэдээлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын үйл явцыг сурталчлан таниулж байжээ.
1950-иад оны үед Монгол, Хятадын харилцаа өргөжин тэлж, хоёр орны хэлэлцээрийн дагуу хятад ажилчид олноор ирж манай улсын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох болсон юм. Энэхүү онцлог байдлыг харгалзан үзээд “Ажилчны зам” сониныг хятадууд нэг хэсэг өөрсдөө эрхлэн гаргах болжээ. Тэр үед уг сонин манай улсын бүтээн байгуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний хятад ажилчдын амжилт бүтээлийг голлон сурталчилдаг байв. “Ажилчны зам” сониноос уриалан дуудсанаар хятад ажилчид Улсын их дэлгүүрийг 13 сарын дотор барьж дуусгасан түүх бий.
1964 оны 10-р сараас тус сонины нэрийг
өөрчилж, “Мөнгү Шяоши Бао” /Монголын мэдээ/ нэртэйгээр МОНЦАМЭ агентлагаас
эрхлэн гаргах болжээ. Олон жилийн турш тасралтгүй гарсан уг сониныг 1991 онд
сонины санхүүжилтийн асуудлаас болж түр хугацаагаар зогсоосон ч 1998 оны 9-р
сард “Мөнгү Шяоши Бао” сонин сэргэж, уншигчидтайгаа дахин золгосон ба түүнээс
хойш эдүгээг хүртэл тасралтгүй гарч байна. “Мөнгү Шяоши Бао” сонин нь Монгол
Улсад төдийгүй Тайвань, Хонконг, ӨМӨЗО, Бээжин гэх мэт БНХАУ-ын томоохон хот, мужуудад өөрийн гэсэн
уншигчидтай болоод байна.
Энэ сонины редакцад Я.Дүнгэр-Яйчил, Ц.Баньдхүү, Ц.Базаррагчаа, С.Ламжав, 0.Адьяа, Ч.Төмөр, Н.Жадамбаа,
Л.Таня, Ц.Сүрэнжав, М.Чимэдцэеэ, В.Батмаа нарын алдартай орчуулагч, сэтгүүлчид
ажиллаж байсныг өнөөдрийн орчуулагчдын анхдугаар хурал дээр нэрлэхэд үнэнхүү
бахархалтай байна.
Англи хэлний редакц: МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцийн орос хэлээр бэлтгэсэн мэдээ материалыг ЗХУ-д дээд сургууль төгсөж ирсэн монгол мэргэжилтнүүд, ТАСС-аас уригдан ирсэн мэргэжилтнүүд англи, франц хэлээр орчуулан сонсгол мэдээ болгон тараадаг байжээ. 1970-1980-аад онд тус агентлаг боловсон хүчний талаар бэхжиж өндөр боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэгдэн ажиллаж байлаа.
А. С. Пушкиний “Евгений Онегин”, Лев Толстойн “Дайн ба энх” зэргийг гайхамшигтай сайхан монголчилсон Ч.Чимэд гуайгаас эхлээд Д.Сүхжаргалмаа, Х.Оюун, Ц.Майдар, М.Жаргал, П.Батнавч, Б.Шүр, Д.Ганчимэг нарын мэргэжлийн гарамгай орчуулагч нар энэ хэлтэст ажиллаж байв.
Монгол Улсын анхны англи хэлээрх
тогтмол сонин “Монгол Мессенжер” нь анхны дугаараа 1991 оны 7 дугаар сарын 8-нд
гаргаж байв. Анхны эрхлэгчээр нь Чанравын Бүрэнбаяр хэмээх шилдэг мэргэжилтэн
ажиллаж байв.
2001 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Монгол орныг гадаадад сурталчлахад болон сэтгүүл зүйд оруулж буй хувь нэмрийг үнэлж ЮНЕСКО-гийн нэрэмжит өргөмжлөлөө “Монгол Мессенжер” сонинд гардуулсан. Мөн Австрали улсын “Lonely Planet” хэвлэлийн газраас дэлхийн жуулчдад зориулан гаргадаг лавлах номд “Монгол Мессенжер” сониныг Монгол дахь хамгийн бодит мэдээлэлтэй, англи хэлээр хэвлэгддэг сониноор нэрлэж байв.
Гуч гаруй оронд захиалагчтай тус сонинд
Ч.Эрдэнэ, Б.Лутаа, Г.Пүрэвсамбуу, Б.Индра, Д.Ариунболд нарын сайн орчуулагч нар
ажиллаж байлаа.
МОНЦАМЭ агентлагт мөн “Өнөөгийн Монгол Улс” сэтгүүл 1956 онд анх
монгол, орос хэлээр гаргаж эхэлсэн түүх бий. “Орчин үеийн Монгол Улс”
сэтгүүлийг англи хэлээр “Өнөөгийн Монгол” /Mongolia Today/ нэртэйгээр Энэтхэг
улсад суугаа ЭСЯ эрхлэн хэвлүүлсэн түүхтэй. 1990-ээд оноос уг сэтгүүлийн үйл
ажиллагааг түр зогсоож байгаад 2007 оноос “Монгол Мессенжер” сонины дэргэд
дахин сэргээн улирал тутам гаргаж эхлээд байна. Ч.Чимэд, Д.Абмад, Ж.Батсүх,
Э.Түмэнжаргал, Ц.Доржсүрэн, Р.Цэрэндаш, Н.Нямдорж нар ажиллаж байсныг дурьдахад
нэн сайхан байна. Өнөөдөр та бүхэнд бид улирал тутмын энэхүү сэтгүүлийнхээ
өнгөрсөн улирлын дугаараа өргөн барьж байгаа билээ.
Япон хэлний “МОНГОРҮ ЦҮҮШИН” сонин
МОНЦАМЭ агентлаг 2003 онд түүхэн
замналынхаа хуудсыг баяжуулж тухайн үеийн Монгол Улсын гол хандивлагч орон,
Монголын ард түмэнд өргөн цар хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан Япон
Улсын ард иргэдэд өөрийн орны тухай мэдээллийг тогтмол хүргэх зорилгоор япон
хэлээр сонин гаргах шийдвэр гаргаж байв.
Өдгөөг хүртэл 20 жил тасралтгүй гарч
байгаа тус сонин нь Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны нэгэн гүүр болж
ирсэн гэж болно. Тус сонинд Т.Наранмандухай, Г.Одцэцэг, Х.Арвис, М.Уугантуяа,
Кон Аяа нарын зэрэг япон хэлний орчуулагч, мэргэжилтэн ажиллаж байв.
Монгол, Японы харилцаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Монгорү Цүүшин” сониныг 2013 онд Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлөөр шагнаж байв.
Өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн МОНЦАМЭ агентлагийн үе үеийн орчуулагч сэтгүүлчдэд гүн талархлаа илэрхийлж баярын мэнд хүргэе. Та бүхний бий болгож, төлөвшүүлэн төгөлдөржүүлсэн мэдээллийн салбарын орчуулгын дэг жаяг тогтолцоог бид хадгалан баяжуулж, та нарын үйл хөдөлмөрийг нэр төртэй, хариуцлагатай биелүүлж явахыг хичээнгүйлэн ажиллаж байна.
Орчуулгад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар энэ хурлыг угтаж тусгайлан хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд гарсан санал зөвлөмжийг танилцуулах тул олон зүйл хэлэхгүй. Гэхдээ орчуулагч хүний хамгийн суурь чанар нь хөдөлмөрч чанар байдаг. Орчуулагчид судлаач нар байдаг. Байнга үг, хэллэг эрэлхийлж, өөрийгөө байнга шалгаж, өөртэй эргэлзэж, тэгэхийн хэрээр ном толь бичиг эргүүлэн суудаг нь орчуулагчийн зовлон, бас жаргал нь. Мөн чанар нь. Хиймэл оюун ухаан орчуулагч хүний энэ чанарт том сорилт болон гарч ирж байна. Өөрөөр хэлбэл дуэльд буюу халз тулаанд дуудаж байна гэлтэй. Хүн төрөлхтөний түүх бидэнд харуулж байдаг шүү дээ, шинэ технологи гарч ирэхэд нийгэмд хувьсгалын чанартай өөрчлөлт өрнөдөг гэдгийг. Бэлэн биш байсан ч хуучин нь устаж, шинэ технологи нь хөгжил дэвшил авчирдаг.
Эдүгээ орчуулгыг машинаар, олон янзын
программаар хийж байна. Системийнхээ өгөгдлийн санг хэдэн сая үг, нэр
томъёогоор баяжуулсаар байна. ХОУ-ыг ашиглах нь цаг хэмнэх боловч хүний зүрх
сэтгэлээр урсан гарч, хүний сэтгэлийн эгшигийг илэрхийлж чадах уу? Залуус чадна
гэж байна. Гэхдээ л “би мал хариулав” гэхийг “I replied
sheepishly” л гэж орчуулж
байна Гүүгл. Шинэ технологийг эсэргүүцэх гэсэнгүй, харин шинэ технологи
хөгжүүлэгчдэд хийх юм их байнаа гэж ойлгож байна. Технологи бүгдийг орчуулж
чаддаг болтол хэдүүлээ орчуулж л байя.
Өөрийн соёлыг түгээж, Монголоо зарлан
тунхагласаар байя. Мөнгөн хазаарын чимээг дэлхий сонстол, Эрээнцавд бороо орж
борог өвс норсон байхын үзэсгэлэнг, гэзэг үс нь Цагаан шүхэрт болсон монгол
найрагчийн уянгыг, гэрийнхээ бууриар нутгийнхаа хилийг тамгалах өвгөдийн
ухааныг ойлготол, маргааш хүүгээ цаазалж төрөө аврах гэж буй хааны эмгэнэлийг
мэдэртэл, түүхийн тоосонд дарагдсан Монголын их амар амгаланг дэлхийн үнэт зүйл
болтол нь орчуулсаар байя.
Уран зохиол,
шинжлэх ухаан, танин мэдэхүйн хязгааргүй ертөнцөд саадгүй зорчих боломжийг
олгож, сэтгэлийн жаргал тайтгарлыг уншигчиддаа олгоё. Монголын уран зохиолыг
дэлхийн болгох хүмүүс зохиолчид биш, орчуулагчид гэдгийг санан санан орчуулцгаая.
Эх орноо таниулахын тулд орчуулах хэрэгтэй, эх дэлхийг Монголд авчрахын тулд
орчуулах хэрэгтэй. Сэрсэн тал шиг сэтгэлд нь эгштэл, жороон жороо шиг хиймор нь
сэргэтэл орчуулцгаая.
Энэ л бахархам сайхан үйлсэд зүрх сэтгэлээ зориулсан эрхэм орчуулагч нартаа дэлхийн орчуулагчдын баярын мэндийг хүргэе.