Монголчуудын орчуулгын бүтээлч уламжлалаас

МОНГОЛЫН МЭДЭЭ | Монголын орчуулагчдын анхдугаар чуулган
khandmaa@montsame.gov.mn
2024-10-08 15:30:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын орчуулагчдын анхдугаар чуулганд МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшигийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна. 


Монголчууд орчуулгын уламжлалаараа дэлхийн ямар ч соёлт үндэстнээс дутахгүй баялаг түүхтэй. Зөвхөн гадаадын хэлнээс орчуулаад эх хэлээ баяжуулж байсангүй, мөн монголчуудын орчуулгын үйл явц бусад угсаатан үндэстний хэл соёлд нөлөөлж, нийт дорно дахины тользүйн болон бичиг соёлын түүхэнд ч нөлөөлсөн гэж үзэж болох юм.

 

Евразийн тал хээрийн бүс бол ерөнхийдөө тэгш өндөрлөг газрын гадаргатай, Зүүн Европоос Манжуурын тал хүртэл үргэлжилдэг байжээ. Түмэн жилийн тэртээгээс энэ нутгаар морьтой зорчиход байгалийн бартаа саад багатай, цаг уурын хувьд ч хэт халуун, хэт хүйтэн бус, салхи нэвт үлээдэг, эртний нүүдэлчин морьтнууд чөлөөтэй зорчдог орон зай байжээ. Дунай мөрнөөс зүүн тийш Номхон дөлгөөн далай хүртэл Уралын нуруу, Алтайн нуруу, Их Хянганы уулс сүндэрлэх ч тэдгээр сүрлэг уулсыг морьтонгууд даван, олон угсаатны дунд худалдаа наймааны, хэл соёлын зууч болж, олон соёлыг хооронд нь холбох гүүр болж байжээ. Бичиг үсгийн нотлох дурсгал ховор олдсон нь тэдгээр нүүдэлчдийг бичиг үсэггүй байсан гэж үзэх баттай нотолгоо биш юм. Нүүдэлчин морьтнууд Евразийн өргөн их дайд зорчихдоо олон хэлтэнтэй харьцах, хэл амаа ололцох аргыг хамгийн сайн сурсан байх ёстой. Хэрэв харь хэлтний үг хэлийг мэдэхгүй аваас, өөрсдөө сурах, эс бөгөөс аль нэгэн хэл ус мэддэг өөр нэг овог аймгийн хүнийг олж хэлмэрчлүүлж харьцаж байсан байж таарна. Чингэхээр нүүдэлчид алив харь хэлтэнтэй харьцаж, өөрийн болон бусдын санаа бодлыг солилцох арга ухааныг эзэмшсэн, сайн тогтоон цээжилдэг, холбоо харилцааг сайн тогтоодог чадвартай байсан болж таарна. Чухам тийм морьтон нүүдэлчин олон овог аймгийн нэг нь монголчуудын өвөг дээдэс юм.

Бидний төрт улсаа байгуулсан цаг хугацаа бол хоёр мянганаас өмнөх үед хамаардаг билээ. Хүннүгийн тухайд яривал, суурин иргэд хийгээд бусад нүүдэлчидтэй улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь түүхэн баримтаар нотлогддог, ялангуяа өнөөгийн Монголын нутгаас олдож буй археологийн сүүлийн үеийн ололт үүнийг улам баттай болгож байна.

Хятадын алдарт түүхч Сыма Чяний бичиж үлдээсэн "Түүхэн тэмдэглэл"-д “Хань улсын хаанаас баруун орныг нээхээр томилон явуулсан Жан Чянь түшмэлийг дагалдаж явсан хэлмэрч нь хүннү хүн” гэжээ. Энэ хүн харваж намнахдаа гарамгай, хүдэр чийрэг, зэвсгийн эрдэмд гаргууд нэгэн байсан гэж тэнд тэмдэглэгдсэн байна. Мөн Хүннүгийн Шаньюй Хань улсын хаадтай хэлмэрчээр дамжуулан харилцаж байсан тухай Хятадын "Хань улсын түүх"-д цөөнгүй мэдээ бий. Энэ хоёр түүх бол Хятадын албан түүх юм.

 

Нүүдэлчдийн орчуулгын үйл хэрэг суурин иргэдийн хэлэнд янз бүрээр нөлөөлж байжээ. Тухайлбал, НТ-ын эхэн үест өнөөгийн хятадын суурин иргэдийн хойд талаар нутаглах нүүдэлчидтэй харилцах явдал тэдний хувьд маш чухал амин хэрэгцээ нь байжээ. Тийм учраас нүүдэлчдийн хэлийг мэддэг, харилцах үүрэг бүхий түшмэлийг нэрлэх нэр үг амьд хэлний хөгжлийн дотоод зүй тогтлоор өнөө цагт хятад хэлний “орчуулах” гэсэн утга бүхий үйл үг болж хувьсан тогтжээ.

НТӨ 5-3-р зууны үед "хойд зүгийн нүүдэлчидтэй хэл нэвтрэх түшмэл"-ийн ерөнхий нэр байсан уг үг Хүннүгийн оршин тогтнож байсан үед “хэлмэрчил-, орчуул-” гэсэн утгатай болж, хожим НТ 5-8-р зууны үе гэхэд өмнө байсан түшмэлийн нэрийн утгаа бүрэн алдаж, “орчуулах” гэсэн үйл үг болон хувирч, хятад хэлэнд гүн суужээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчидтэй харьцах харилцаанаас хятад хэлний орчин цагийн “орчуулах” хэмээх үг үүссэн гэсэн үг юм.

Орчуулгын үйл хэргийг ихэд анхааран үздэг байсныг гэрчлэх нэг зүйл бол Хятаны үед орчуулгын хүрээлэн байсан, Монголын эзэнт гүрний үед Хубилай хааны зарлигаар улсын түүх зохиох, сонгодог зохиол орчуулах хүрээлэн ч уламжлан байгуулагдаж байсан явдал юм. Монголчууд өрнө, дорны олон эрдэмтдийг цуглуулан уйгур, перс, араб, төвөд, санскрит, латин хэлнээс дэлхийн утга зохиол болон төрөл бүрийн эрдэм ухааны зохиолыг монгол хэлээр орчуулж байв. Эдгээрээс хамгийн эртний орчуулгын зохиолоор “Ачлалт ном”-ыг нэрлэдэг, мөн Күнзийн суртлын “Дөрвөн бичиг” сургаалын зохиол, төвөд хэлнээс орчуулсан Таван ном буюу “Панчатантра”-г нэрлэж болно. Ил хаадаас Ромын пап, Францын Гоо Филипп хаанд захидал бичиг илгээж харьцаж байсан бичгийн дурсгал, тэдгээрийн орчуулга эдүгээ Европт хадгалагдаж байна.

Монголын эзэнт гүрний үед олон хэлт бусад үндэстнийг нэгэн төрийн дор зангидан захирч байсны нэг гол хүчин зүйл бол хэлмэрчдийг шилж сонгон, хааны зарлиг, хууль цаазыг зөв оновчтой дамжуулан хүргэдэг төрийн нарийн тогтолцоог бий болгосонд оршино. Дундад зууны олон үндэстэн угсаатны хэлэнд “хэлмэрч” хэмээх үг уг утга, дуудлагаа хадгалан kälämäci, kelemurci “怯里马赤”гэх зэргээр нэвтрэн орсныг хэл шинжлэлийн өнөө цагийн эрдэмтэд нотолдог. "Пакс Монголика" буюу "Монголын энх тайван"-г тогтооход харьяат олон иргэн эв найртай зэрэгцэн орших, олон шашин шүтлэгтэй тэдгээр иргэдийг тогтоон барьж, үндэстэн хоорондоо зөв ойлголцоход хэлмэрчид хамгаас дээгүүр үүрэгтэй гэдгийг Монголын хаад олж мэдэн ухамсарлажээ. Түмэн жилийн өмнөөс бий болсон ой санамжаараа олон үндэстнийг нэг захиргаанд хураахад нэгдмэл ойлголт чухал, тэр нь хэлмэрчээр дамжих учиртай байсан юм. Хэлмэрч нарын тухай бичсэн тэмдэглэл “Юань улсын судар” зэрэг албан түүхэнд гарч ирдэг. Тухайлбал, “Юань улсын судар”-ын “Елюй Чуцайн шастир”-т Ян Вэйжун (杨惟中) сайд, Isa хэлмэрч Simeón Rabban-ata нарын зэрэг хэлмэрч нарын тухай дурджээ. Мөн Рашид Аддины “Судрын чуулган”-д ч хэлмэрч түшмэдийн тухай тэмдэглэн үлдээжээ. Монголчуудын мандал бадралын үед хааны үр хойчсыг сургах “Төрийн хөвгүүдийн сургууль”-ийг байгуулж, энэ сургуульд хааны удмын монгол агь, хунтайж нар сурахаас гадна, олон угсаатны дундаас шилэгдэж шалгарсан онц хурц, ухаан билиг төгс хөвгүүдийг цөөн тоогоор сургадаг байсан тухай манай эрдэмтдийн судалгаанд буй. Хэлмэрч түшмэл нь голдуу өнгөт нүдэт иргэд буюу өнөөгийн газарзүйн харьяаллаар дундад ази, өрнийн гаралтай хүмүүсээс бүрддэг байв. Тэд Монголчуудын төрд олон угсаатныг нэгтгэн захирахад нь үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.

 

Монгол хаадын зарлигийг орчуулгатай нь гэрэлт хөшөөнд мөнхөлж, тухайн гэрэлт хөшөө боссон тэр газрын харьяат олон иргэд нь хааны зарлигийг даган мөрддөг байсан ажгуу. Гэрэлт хөшөөнд мөнхлөх уламжлалыг урагш мөшгин үзвээс НТӨ 193 онд босгосон эртний Мисирт холбогдох Розеттын чулуунд холбогдоно. Дорно дахинд түгсэн яст мэлхийний нуруун дээрх хөшөө дурсгалын дотор хэд хэдэн хэл бичгээр нэгэн чулууны өвөр аргүй сийлэн үлдээх заншлын хэлхээ ямар ч байсан Африкийн хойд эрэг хүрч байна.

 

Бидний нүүдэлчин ахуйг тусгасан олон зохиолыг өмнөдийн хятад зэрэг суурин ахуйтай хүмүүс эрт цагт өөрийн хэлэнд буулган бүр зарим нь Юэфү хэмээх “Ордны дуулал”-даа хүртэл тэмдэглэн үлдээсэн нь нэг бус аж. Эдгээрийн өгүүлэмж нь цэрэгт мордсон эрс, баатруудын үйл, эх нутгаа санагалзсан, хүлэг сайн морьдын тухай өгүүлсэн байдгаас тухайлбал, “Чылөгийн дуу”, “Муланы дуулал”, “Ахын дуу” гэх мэт шүлэг дуу дээрх мэт баатарлаг дайчин өгүүлэмжтэй, эсвэл нүүдэлчний мал аж ахуй эрхэлсэн тухай агуулгатай байдгаас гадна алтай язгуурын хэлний үг тохиолддог нь анх нүүдэлчдийн хэлээр зохиогдоод, улмаар соёлын харилцааны улмаас суурин иргэдийн дунд тархан дэлгэрч, ордны түүвэрт орсон байх талтайг илтгэдэг юм.

Эдүгээ уламжлагдан ирсэн “Муланы дуулал” хэмээх эцгийнхээ орноос эр цэрэгт мордсон баатарлаг идэрхэг охины түүхийг өгүүлсэн энэ найраг хятадын баатарлаг туульсын дотроос маргаангүй хамгийн оргил нь гэгддэг бөгөөд энэхүү шүлгэн дууллыг Умардын нүүдэлчдийн туульстай нягт холбон үздэг ажээ. Анх нүүдэлчний хэлээр зохиогдон, орчуулгаар дамжин суурин газар дэлгэрч, хятадын уран зохиол болсон энэ зохиол хожим монгол газар дахин орчуулгаар дамжин “Их Тан улсын Хойтыг төвшитгөсөн Хуа Муланы үлгэр” гэдэг нэрээр бэнсний үлгэр болон дуулагдаж байжээ. 


Нүүдэлчдийн уран зохиол бол нүүдэлчин ахуй шигээ маш их хөдлөнги шинжтэй, үйл явдал баялаг өрнөлтэй, баатрын дүр, дүрслэл хурц тод байдгаараа аль ч үндэстэн угсаатны хүмүүсийн сэтгэлийг татан булгилуулдаг байсан байх магадлалтай. Ийм ч учраас эртний нүүдэлчдийн зохиолын зохиомж, үйл явдал орчуулгаараа дамжин бусад үндэстний уран зохиолд нөлөөлжээ.

Зүүн Монголын нутгаар тархан дэлгэрсэн үлгэрч хуурчдын хэлдэг ихэвчлэн хөгжмийн хэмнэлт хөг аялгуун дор хэлдэг аман зохиолд багтах нэгэн зүйлийн урлаг малчин монголчуудын ахуйд дэлгэрсэн байдаг. Энэхүү төрөл зүйлийн үүслийг үзвэл хятадаас монголчилсон бичмэл дэвтрээс амаар дам дам уламжилсан байх бөгөөд үүний учир дэвтэр буюу бэнз  ( 本子 ) хэмээх хятад үгнээс үүсч, “бэнсний үлгэр”  гэх болжээ. Академич Б.Ринчений судлагаанаас бүр тодруулан үзвэл,  бэнсний үлгэр нь монголчилсон бичмэлээс шүлэглэх эрдэмтэй, бэлэн үгтэй, авъяаслаг хуурч-үлгэрч нар цээжлэн өгүүлэхдээ монгол сонсогчийн сэтгэл санаанд нийцүүлэн, улам уран сайхнаар найруулж, монгол бичгийн хэлээр хэлдэг байв. Тийм ч учраас олон үлгэрч-хуурч бичмэл дэвтрээ авч явдаг байсан гэдэг. Хятадын уран зохиолыг орчуулан аман зохиол болтол нь хөгжүүлж, баруун Монголын баатарлагийн туульсыг үлгэр хэлэхдээ ч мөн ашигладаг, бас олон сар жилээр тууль хайлдгийн адил мөнөөхөн бэнсний үлгэрийг сар жил дамнан үлгэрлэн хуурддаг байсан тухай оросын эрдэмтдийн тэмдэглэл бий. Монгол орчуулгын уламжлалд монголжих үзэгдэл гэж байсан билээ. Энэ нь төвөд хэлнээс орчуулсан шашин суртлын олон зохиолын дотроос хүнд ухаарал сэхээрэл өгөх үлгэрээр дамжуулан ахмад үе нь залуу үеэ ухааруулдаг арга байв. Төвөд утга зохиолын орчуулгын хуулмал дэвтэр, эсвэл барын ном дотроос уншсан нь мал ахуйн ажлаа дуусгаад, өвөл оройн цагт дулаан гэртээ цуглаад тулгаа тойрон үлгэр ярьдаг уламжлал байсан нь тэрхүү гадны сонин хачин агуулгатай орчуулгын зохиолоос эхтэй бөгөөд нэг удаа ярьсан үлгэр дараагийн удаа өмнөхтэй яг адил өгүүлэмжтэй ярьдаггүй, үлгэр яригчийн уран сэтгэмжээр улам баяжин, монгол ахуйн элдэв сэдэв, агуулгаар баяжин хувирсаар, яваандаа хэн ч гадны үлгэр гэж хэлэхээргүй болтлоо монголжин хувирдаг байжээ.

 

Зарлигийн хаад хатад, мэргэн сайд, хутагт хувилгаадын захиалгаар дорны шилдэг, сонгодог зохиолыг эх хэлнээ орчуулж, хуулан тархааж, малчин монголчууд тал нутагтаа мал ахуй эрхлэн аж төрөхдөө ч ихэс дээдэс, харц ард, лам хувраг ялгалгүй орчуулгын бүтээлээр ертөнцийн мэдлэг, дэлхийн сонгодгоос бүгд ижил тэнцүү хүртэж, оюундаа шингээн, цээжлэн хүүрнэж, аман зохиол болтол нь хөгжүүлж, үеэс үед уламжилж иржээ. Үүний жишээ бол, Түмэн Засагт хаан, Халхын Цогт Хун тайж, түүний ухаант цэцэн хатан эх Чин Тайху, Цахарын Лигдэн хутагт хааныг тус тус нэрлэж болох юм. Тэд сайн оюут мэргэдэд гадны сайн бүтээл орчуулахыг зарлигаар даалган, цалин харамжийг өгч орчуулгаад, олон хуулагч нараар хуулан олшруулахын дээр мөн хүрээ хийдэд төвлөрсөн бархануудад бар сийлүүлэн олшруулах нь ч байсан юм билээ. Ингэж олон хувилсан орчуулгын ном бүтээлийг харьяа сум хошуудад тараахын дээр анхны эх орчуулгыг хамгийн төв газарт торго, даавуу зэрэг нарийн сайн эдээр баринтаглан нандигнан хадгалдаг монгол уламжлал бий. Чингэхээр нутаг орны хаа сайгүй хуулан тарсан орчуулгын бүтээлийг хошууны ард олон бичиг үсэгтэй нь олж унших ба ном бичиггүй нэг нь уншсан нэгнээрээ хүүрнэн яриулсаар хүн бүхний цээжинд харь орны сонин сайхан үйл явдал аяндаа хуран тогтоогдсоор ам дамжин ярих олон сайхан үлгэр, хууч үүсжээ. Энэ бол орчуулгын бүтээл тархай гэгддэг монголчуудын дунд түгэн дэлгэрдэг арга зам ажгуу.

 

Монголчууд олон үндэстэн угсаатныг нэгтгэн захирахад орчуулах хэлмэрчлэх үйлийн чухал нэг хэрэгсэл болох толь бичгийн тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг энд дурдалгүй өнгөрөхийн аргагүй.

Юань улс мөхөж, хятад угсаатны Мин улс тогтоход урьдын монголчуудын үлдээсэн олон хэлний угсаатныг уламжлан захирахад сайн хэлний мэргэжилтэн, орчуулагч нар хэрэгтэй болсон гэдэг. Тус улсын орчуулгын хүрээлэнд монгол хэлнээс орчуулах анги нь бусад ангиасаа олон хүнтэй байв. Иймд харь хэлтний үгийн толь зохиох ажлыг монгол гаралтай эрдэмтэнд хариуцуулсан бөгөөд анхны “хуа-и и-юй толь” буюу “хятад-харь үгийн орчуулгын толь” хятад-монгол хэлний зүйл хуваасан толь болж гарчээ. Энэ толийн толгой үгээр бусад хэл болох төвөд, уйгур, зөрчид, уйгур, бирм, тай, юаньнаний олон үндэстний хэл зэрэг олон хэлний орчуулгын толь зохиоход загвар болгон хэрэглэсэн байдаг.

 

“Монголын Нууц Товчоон” бол монголчуудын нууц түүхийг монгол хэлээр, монгол дуудлагыг хятад үсгээр тэмдэглэн бичсэн бөгөөд бүлэг бүрийн хойно хятад товч орчуулгатай, хятад хүн монгол хэл сурах бичиг хэлбэрээр зохиосон тэр хувилбар бидний үед уламжилж ирсэн юм. Энэхүү Монголын Нууц Товчооны бүлэг бүрийн хятад орчуулга бол монгол бүтээлийг хятад хэлэнд орчуулсан одоогоор мэдэгдэж буй анхны орчуулга гэж манай эрдэмтэд үздэг. “Монголын Нууц Товчоон”-ы энэхүү гадаад хэл сурах бичгийн хэлбэр цаашид уламжлан тухайн үеийн дорно дахины үндэстний дунд гадаад хэл сурах, орчуулах бусад сурах бичгийн загварыг бий болгосон гэж үзэх боломжтой. Дээр өгүүлсэн “хятад-харь үгийн орчуулгын толь” хийгээд “Монголын Нууц Товчоон”-ы хятад үсгээр тэмдэглэсэн эхийг бүтээх ажлыг монгол эрдэмтэд гүйцэтгэсэн тул дундад үеийн монгол хүмүүс дорно дахины орчуулгын толь болон сурах бичгийн анхны загварыг гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан явдал юм.

 

Монголчуудын орчуулгын уламжлалд нэгэн тодоор гялалзах нэг онцлог нь бурхны шашны тэргүүт олон судар шастирын орчуулгыг ихээс эмээхгүй зориглон хийдэг, бас нэг зохиолыг олон цаг үед олон эрдэмтэн гүүш тухайн цагийн шаардлагаар дахин дахин орчуулж ирсэн нь нэг зохиолыг орчуулгын олон хувилбартай болгодог байв. “Үлгэрийн далай” гэж алдаршсан зохиолыг Гүүш цорж, Тойн гүүш, Зая бандида, Чүлтэмдонойн гэх дөрвөн орчуулга байдгийн гурав нь гар бичмэлээр буй. “Эрдэний сан Субашид” бол найман орчуулгатай, үүний Юань улсын үеийн бар хэвлэл байсныг нотлох баримт бидний үед хүрч иржээ.

 

Арван наймдугаар зууны үед Ганжуурыг орчуулсан туршлагадаа дулдуйдан, Данжуурыг орчуулахын өмнө нэр томьёог тогтоосон толь бичгийг гаргаж, орчуулгыг хийхэд нэг мөр болгох үүднээс толийн өмнөтгөл хэсэгт монгол орчуулгын анхны онолын үндэслэлтэй зарчим гэж үзэхүйц орчуулах нарийн зарчмуудыг тоочин оруулсан уг толийг Жанжаа хутагт Ролбийдорж (1717-1786)-ийн удирдлагаар 1741-1742 онд зохиосон “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” хэмээн нэрийджээ. Бурхны шашны их хөлгөн судрыг бүхэлд нь орчуулах ажлыг хийхийн тулд өнөөгийн хэллэгээр орчуулгын багийн удирдлага, зохион байгуулалт, бэлтгэл сайтайгаар төлөвлөн хийж байсныг илтгэнэ.

Өнөө цагт уг эхээрээ Энэтхэгт олдохгүй болсон зохиол орчуулгаараа үлдсэн нь монголчуудын дэлхийн оюуны санд оруулсан их хувь нэмэр юм. 1950-иад онд энэтхэгийн нэрт эрдэмтэн Рагу Вирад манай улсаас уг орчуулгыг хуулбар байдлаар бэлэглэж байжээ.

Түүний хүү эрдэмтэн Локеш Чандра Конгрессийн номын санд мөн хуулбарыг нь дамжуулан хадгалуулсан байдаг аж. Энэ ташрамд дэлхийн алдартай номын сангуудад монгол хэлээр орчуулагдсан судар номын олон цуглуулга хадгалагдаж байдгийн зарим нь монгол газар байхгүй болсон бүтээл ч байдаг.

 

Монголчууд Манжийн харьяанд байх үед албан бичгийн орчуулгын уламжлал ихээхэн дэлгэрч, Манжийн төрөөс Монголд хэрэгжүүлж байсан бүхий л албан харилцаа нь манж-монгол, манж-монгол-хятад хэлээр заавал орчуулга хавсаргаж архивт хадгалдаг тогтолцоотой байснаас тэр үеийн төрийн хар хүн ихэвчлэн манж, хятад хэл эзэмшсэн, харин шарын шашны лам хуврагууд нь нийтлэг төвөд хэлтэй байснаас үзэхэд монголчууд яав ч эрдэм соёлгүй гэж үзэхийн аргагүй, уламжлалт монгол малч ухаан ба гадны соёлыг хослуулсан үндэстэн байсан нь тодорхой юм.

 

1921 онд байгуулагдсан судар бичгийн хүрээлэнгийн анхны эрдэмтэд болох О.Жамьян гүн, Ж.Цэвээн (1880-1942), Ц.Бат-Очир (1873-1935), гүн Дашням, Зава Дамдин хэмээх Их хүрээний номч гавж Лувсандамдин (1867-1937), С.Шагж (1886-1938), дооромбо Ц.Гэлэгжамц (1869-1938), М.Гомбожав (1906-1940). Б.Ринчен (1905-1977). Я.Цэвэл (1902-1984). Ц.Дорж (1886-1966) нар шинэ цагийн монгол хэл бичгийн судалгааг эхлүүлэх, номын сангийн сан хөмрөг үүсгэх, шинэ нэр томьёо оноох, толь бичиг зохиох зэрэг олон ажлын эхийг тавихдаа орчуулгын ажлыг аяндаа хийж, судалж байсан байдаг. Тэдгээр ажил нь өнөөгийн орчуулгын судлал, нэр томьёо судлал, тользүйн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

 

Ийм гэгээлэг, оюун ухааны чадвартай ард түмэн ардын хувьсгалын жилүүдэд өрнө дахины соёл, утга зохиолын цонхыг дахин нээж, дэлхийг бүхэлд нь тольдох болсон билээ. 1926-1929 онд Монголын төрөөс Зөвлөлт Орос, Герман, Франц улсад илгээн суралцуулсан залуу сэхээтнүүд барууны соёлоос хүртэн, тодорхой мэргэжил эзэмшихээр сурч байгаад Монгол орондоо эргэж ирээд, өрнийн зохиол бүтээл, уран зохиолоос анхлан орчуулж эхэлснээр, монголчууд хорьдугаар зуунд дэлхийн дэвшилтэт, сонгодог бүтээлийг эх хэлнээс нь болон орос хэлний орчуулгаас нь дам орчуулан, нийгэм нийтээр орчуулгаар дамжуулан дэлхийн оюуны сангаас сорчлон хүртэж иржээ.

 

  

 

Related news