ДУНДГОВЬ: Шинэ жилийн баярыг угтан “Хотоо чимье” уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас шинэ жилийн баярыг угтан аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хотоо чимье” уралдаан зарлалаа.
Тус уралдааныг зохион
байгуулснаар аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын
үйл ажиллагааг идэвхжүүлж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах
ач холбогдолтой.
Шинэ жилийн баярыг угтан байгууллага
аж ахуйн нэгжүүд гаднаа гацуур модоо чимж, гэрлэн чимэглэл хийдэг ч орчныхоо хоггүй,
цэвэр, байхад төдийлөн анхаардаггүй.
Тиймээс хотын өнгө
үзэмжийг сайжруулах, хоггүй цэвэр орчныг бүрдүүлж, замын халтиргаа, гулгааг
багасгахын тулд байгууллагуудыг хэд хэдэн шалгуураар үнэлэх юм.
Тухайлбал, барилга, байгууламжийн
гадна фасад, цонх, хаалга, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг өрөө тасалгааг шинэ
жилийн баярын уур амьсгал оруулж, гэрлэн болон бусад чимэглэлээр чимэх, гацуур
засах, орчныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэр байлгах, цас, мөсийг
цэвэрлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх зэрэг шалгуур тавьжээ.
Уралдааны материалыг 12 дугаар сарын 25 хүртэл хүлээн авч, шалгуур хангасан төрийн болон хувийн хэвшлийн 6 байгууллагыг шалгаруулж, 500 000-2 000 000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм.