ДУНДГОВЬ: Сэргээн засах албаны эмч нар иргэдэд мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-13 12:25:27
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс “Тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе” өдөрлөг зохион байгуулж, тус төвийн сэргээн засах албаны эмч нар оролцогчдод мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүллээ.


Тус өдөрлөгийг “эмгүйгээр витаминжуулъя” уриан дор зохион байгуулж, тусгай хэрэгцээт 100 гаруй иргэн хамрагджээ.


Дундговь аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээт 1321 иргэн, 218 хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжийн төв орон нутагт тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүдэд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, протез ортопедийн үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.


2024 онд тус төв  сэргээн засах тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 3139, сургалт нөлөөллийн үйлчилгээг 3500 гаруй иргэнд үзүүлжээ.


“Тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе” өдөрлөгийн тухай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжийн төвийн захирал Ц.Сувдантуяагаас тодруулахад, “Манай төв дээрх үйл ажиллагаанаас гадна тусгай хэрэгцээт иргэдийг бие даан амьдрахад сурган дадлагажуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тэдний амьдрах орчныг хүртээмжтэй болгох, нийгмийн үйлчилгээг тэгш авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.


“Тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе” өдөрлөг бол энэхүү нөлөөллийн ажлуудын нэг юм. Тусгай хэрэгцээт иргэд бол Монгол Улсын л иргэн. Тэд бидэнтэй л адилхан нийгмийн амьдралд тэгш оролцох, нийгмийн үйлчилгээг авах эрхтэй. Энэ талаар хүмүүсийн ойлголт, хандлага өөр өөр байдаг. Хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч нийгмийн амьдралд оролцоход нь ямар нэг саад тохиолдох нь бага байвал тэр хүний хувьд тийм ч хэцүү биш шүү дээ. Тиймээс бид эдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгохын тулд энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан” гэлээ.


Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг таван ТББ бий. Тус өдөрлөгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжийн төв эдгээр байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр оролцогчдод тус төвийн Сэргээн засах албаны үйл ажиллагааны талаар танилцуулж, эмч нарын үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгснөөс гадна идэвхжүүлэх дасгал хөдөлгөөн, сагсан бөмбөг, корнхол  тэмцээн явуулжээ.



Related news