Үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтын явцыг мэдээлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех, хүнсний салбарт 978 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон талаар тодорхой дурдав.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр технологийн паркийн төслийг хариуцан ажиллаж байна. Харин “Монэксалл” ХХК нь Говьсүмбэр аймагт мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн эко парк ажиллуулахаар тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөнгөн үйлдвэрийн паркийн байршлыг Улаанбаатар хотод Эмээлт дэх арьс ширний, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр технологийн, мөн Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт төвлөрүүлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдав. Тухайлбал, Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн бөгөөд ирэх онд дуусах аж. Тус паркад 100 үйлдвэр ашиглалтад орж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Төслийг Ховд аймгийн өмчит “Шинэ Ховд” ХХК хариуцаж байна. Мөн Дархан-Уул аймагт байгуулах Төвийн бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд 2025 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгасан байна. Одоогийн байдлаар паркийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зургийг хийж, магадлуулах шатандаа яваа аж.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажил 2009 оноос эхэлж, 2022 оноос нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн
банкны санхүүжилтээр ТЭЗҮ-г хийсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн
эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин
чадалтай үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Төслийн эрчим хүчний
эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар нийслэлийн ирэх оны
төсөвт тусгажээ. Харин Говьсүмбэр аймгийн Баянтал дахь мал аж ахуйн шинжлэх
ухаан, үйлдвэр технологийн паркийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна хэмээн мэдээллээ.