СЭЛЭНГЭ: 2025 онд иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан энэ сарын 25-нд болж, иргэнд
2025 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг баталлаа.
Хуралдаанд
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2023 оны 144 дүгээр тогтоолын хэрэгжилт, 2025 онд
өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтын саналыг аймгийн ГХБХБГ-ын
дарга Б.Саруултөгс танилцууллаа.
Тэрбээр “Монгол
Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Иргэдэд газар өмчлүүлэх
асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах, бодит
боломжийг бүрдүүлэх” бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллах нь нэн чухал байгааг
онцоллоо.
Иймд газар
өмчлөлийг эрчимжүүлж, хувийн өмчийн газрыг хөгжүүлэн иргэдийн амьдрах,
ажил хөдөлмөр эрхлэх тав тухтай орчин бүрдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг
шийдвэрлүүлэхийн тулд шинэ суурьшлын бүсэд олгосон газарт цахилгааны асуудлыг
шийдвэрлүүлэх талаар Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-д саналаа
хүргүүлжээ.
Мөн энэ ажлыг аймаг, орон нутгийн төсөвт үе шаттайгаар тусгуулж, хангагч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 51620 иргэн буюу нийт хүн амын 47.2 хувь нь
9656.053 га газрыг өмчилж авсан байна. Эдгээрт нийт 1 313 528 төгрөгийн татвар
ногджээ.
2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Газрын тухай хуулийн хүрээнд хянаад 4 сумын хэмжээнд 48 иргэнд 12.53 га газрыг өмчлүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Баянгол, Зүүнбүрэн, Түшиг, Сайхан, Орхонтуул сум ерөнхий төлөвлөгөөгүйн улмаас хасагдсан байна.
2024
онд аймгийн хэмжээнд 3222 иргэнд 492.3 га газрыг өмчлүүлэхээр тогтоосноос одоо
эзэмшиж буй хашааны 76.54 га газрыг 407 иргэнд, шинээр 368.624 га газрыг
2148 иргэнд, улсын чанартай авто зам дагуух газарт 46.22 га газрыг 661 иргэнд,
аж ахуйн зориулалтаар 0.92 га газрыг 6 иргэнд тус тус олгосон байна.
Эдгээрийг
нэгж талбар тус бүрээр Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд
оруулж, ерөнхий газраас хяналт тавин ажилласан байна.