Эрчим хүчний оргил ачаалал 160 МВт-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 16:15:50

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.


Тэгвэл нэмэгдсэн эрчим хүчний хэрэглээг ухаалгаар зохицуулж, боломжит байдлаар бууруулахыг тус хорооноос зөвлөсөн байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, албан байгууллагууд өдрийн цайны завсарлагын нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэх боломжтой аж.


Дашрамд дурдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд холбогдсоноор 150 МВт эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн билээ. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой юм. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно. 

Related news