Онцгой байдлын алба хаагчид 27 дуудлагаар 36 иргэнийг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 17:20:51

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр болон амралтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан байна.


Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 1463 алба хаагч, 672 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэжээ. Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 27 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 36 иргэнд тусламж үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.


Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээ, галын онц аюултай нийт 491 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар 1925 зөрчил дутагдлыг илрүүлснээс 568-ыг нь шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 254, мэдэгдэл 174 хүргүүлсэн байна.

Related news