450 мянган төгрөгөөс дээш торгуультай жолоочийг 30 хоног нийтэд тустай ажил хийлгэх журам хэрэгжиж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 16:23:49

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шинэ он гарснаар 450 мянган төгрөгөөс дээш торгуультай, түүнийгээ төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай ажил хийх тухай журам хэрэгжиж эхэллээ.


Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ “Торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, торгууль төлөх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулна. Харин 450 мянган төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр найман цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцох юм. Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон И-Монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ” гэжээ.


Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж заасан байдаг.


Тэгвэл хуульд заасны дагуу 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасжээ. 

Related news