Лос-Анжелесын түймрийг унтраахад Япон улс 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-15 11:46:54

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 15 /NHK/. Лос-Анжелесын тойрогт дэгдсэн ойн түймрийг унтраахад Японы Засгийн газраас АНУ-д 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлжээ.


Япон улс Америкийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар удахгүй мэдэгдэл хийх гэж байна. 


Мөнгөн тусламжийг байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан орон байр барих, хоол хүнс, сэтгэл зүйн тусламж болон бусад дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж холбогдох албаныхан найдаж байна.


Саяхан Ерөнхий сайд Шигэрү Ишиба "Калифорнид ойн түймэр дэгдсэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, энэ хүнд хэцүү цаг үед бид Америкийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна" гэж X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол ирэх долоо хоногт болох гэж буй энэ үед Токиогийн засаг захиргаа Вашингтонтой нягт харилцаатай гэдгээ дотооддоо болон олон улсын тавцанд харуулахыг зорьж байгаа бололтой.



Related news