БУЛГАН: Сонгон шалгаруулалтаар 12 сум нийгмийн ажилтантай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсний дагуу Булган аймгийн 16 сум, 1 тосгон, аймгийн төвийн 6 багт нийт 67 анкет ирснээс шаардлага хангасан 28 иргэний 23 нь сонгон шалгаруулалтад хамрагдлаа.
Сонгон шалгаруулалтаар Баян-агт, Баяннуур, Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Тэшиг, Рашаант, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Хялганат зэрэг 11 сум, 1 тосгонд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж тушаалыг энэ долоо хоногт гаргах юм.
Харин Хангал, Бүрэгхангай,
Бугат, Сайхан, Булган сумын багт Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны сонгон
шалгаруулалтыг 2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр дахин хийхээр шийдвэрлэлээ.
Булган аймгийн ерөнхий боловсролын 22 сургуульд 11370 хүүхэд өдрөөр, 22 цэцэрлэгийн
151 бүлэгт 3883 хүүхэд, албан бус боловсролд дүйцсэн хөтөлбөрөөр бага,
суурь, бүрэн дунд боловсрол эзэмшихээр 153 хүүхэд суралцаж байна.
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр анх удаа сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байгаа нь энэ салбарын ажилд томоохон ахиц дэвшил гарах эхлэл болж байгаа юм.
Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар сум, хороонд нийгмийн ажилтнаар орох хүсэлтээ илэрхийлэн 1291 хүн бүртгүүлжээ. Үүнээс бакалавр зэрэгтэй 1021, магистр зэрэгтэй
101, докторын зэрэгтэй 2 иргэн байна.
Эдгээрээс хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн 46.8 хувийг эзэлж байгаа юм.