БАЯНХОНГОР: Хотоо хоггүй цэвэр байлгахад бүх хүчээ дайчлан ажиллахыг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ИТХ-ын шийдвэрээр 2025 оныг "Хот тохижилт - Хотын соёл"-ыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч М.Насанбат "Баянхонгор - Тохижилт үйлчилгээ" ОНӨААТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.

Сумын удирдлага ажилтнуудын хүндрэлтэй нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашид тулгамдаж буй асуудлыг анхааралдаа авч ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа болсон цалин хөлс болоод авто машины шинэчлэлтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Хотын захирагч тус байгууллагын ажилтан албан хаагчдыг хийж буй ажилдаа сэтгэл зүтгэл гарган Баянхонгор сумаа хоггүй цэвэр байлгахад бүх хүчээ дайчлан ажиллахыг даалгав.
Хотын соёлч иргэдийнхээ ая тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа "Баянхонгор - Тохижилт үйлчилгээ" ОНӨААТГ-ын ажилчдын албандаа тогтвортой ажиллах хүсэл зорилгыг дэмжиж, орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 70 хувиар тооцож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.