ДАРХАН-УУЛ: Механикжуулагч З.Насанбат Улсын аварга тариаланч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-28 10:06:35

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хонгорын сангийн аж ахуйн тракторч, комбайнчаар 29 жил ажиллаж буй Загдчулууны Насанбат Улсын аварга тариаланч боллоо.


"Дархан тооромт" ХХК-ийн механикжуулагч ажиллаж буй түүний онцлох ажлаас дурдвал, газар тариалангийн технологийн хугацаанд Т-150, МТЗ-1221, ЮТО-1304 маркийн тракторуудаар 1591 га, Нива эффект, Виктор-410 комбайнаар 640-741 га-аас 830-1250 тонн буюу га-аас 13-17 центнер ургац хураан авч, жил бүрийн норм төлөвлөгөөгөө 110-130 хувиар давуулан биелүүлжээ.


Өөрийн эзэмшсэн мэргэжил, арга туршлагаар шинэ техник технологийг тогтмол судалж, олж авсан мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцсан техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хугацаа алдалгүй гүйцэтгэж иржээ. Ингэснээр “Дархан тооромт” ХХК нь 2009, 2021 онд хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлж “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч байсан.


Залуу механикжуулагчдыг мэргэшүүлэн сургаж, хамт олноо манлайлан идэвх санаачилгатай ажилладаг З.Насанбатын энэхүү хөдөлмөр бүтээлийг үнэлэн “Улсын аварга тариаланч”-аар өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.


Шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулж өгч баяр хүргэлээ.

 

Related news