СҮХБААТАР: Нийт газар нутгийн 78,9 хувь нь түймэрт өртөх эрсдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-28 14:14:45

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, штабын бүтэц зохион байгуулалт, аюул ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-аас зохион байгуулж буй гамшгаас хамгаалах команд штабын сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Гуравдугаар сарын 26-нд танхимын сургалтаар эхэлсэн сургууль өнөөдөр мэргэжлийн анги, албадын бэлэн байдлын үзлэг, ур чадварыг шалгах дадлага сургуулилалтаар үргэлжилж байна.



Сүхбаатар аймагт хээрийн болон ахуйн түймэр, салхи шуурга, цас зудын гамшиг зонхилон тохиолддог. Тухайлбал, сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд 910 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 70 хүн амиа алдаж, 37 хүн гэмтэж бэртэн, 334.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

 

Мөн аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хээрийн түймэрт өртөх байдал нийт өрхийн 78,9 хувь нь их, 12,3 хувь нь маш их, ганд өртөх байдал 25,6 хувь нь их, зудад өртөх байдал 21,5 хувь нь дунд, шороон шуурганд өртөх байдал 8,4 хувийн их эрсдэлтэй байгааг тогтоожээ.

 

Энэхүү эрсдэлийн үнэлгээнд суурилан аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь эдгээр өдрүүдэд зохион байгуулж байгаа команд штабын сургууль юм.

 

Команд штабын сургууль аймгийн удирдах бүрэлдэхүүн, онцгой комиссын гишүүдийн хээрийн дадлага, дүнгийн хурлаар өндөрлөнө.  

 

Related news