ДУНДГОВЬ: “Говийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн
ойн хүрээнд улсын хэмжээнд “Гэрэл зургийн 7 хоног”-ийг зохион байгуулж буй. Тус
үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн музейд “Говийн өнгө” гэрэл зургийн
үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 21-нээс дэлгэж, олны хүртээл болгож байна.
Үзэсгэлэнд гэрэл зурагчин Э.Мөнхчулуун, Э.Бат-Амьдрал, Ж.Мөнхцэцэг
нарын байгаль, аж байдал, өв соёлтой холбоотой 50 гаруй бүтээл тавьжээ.
Тодруулбал, тус үзэсгэлэнд гэрэл зурагчин Э.Бат-Амьдрал
өөрийн бүтээлүүдээс хамгийн сүүлийн үеийн, шинэлэг, өмнө нь олны хүртээл болоогүй
зургуудаа тавьсан бол гэрэл зурагчин Э.Мөнхчулуун өөрийнхөө бүтээлүүдээс
хамгийн алдартай, олны талархлыг хүлээсэн бүтээлүүдээ дэлгэжээ. Харин гэрэл
зурагчин Ж.Мөнхцэцэг байгаль, түүх, өв соёл, аж амьдралтай холбоотой зургуудаа олны
хүртээл болгосон байна.
Э.Мөнхчулуун "Газрын хилэн" бүтээлээрээ "Аянч" гэрэл зургийн уралдааны тэргүүн байр, "Цөлжилт Монголд" улсын уралдааны 2 дугаар байр, "Баатар" бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Монголын байгалийн гэрэл зургийн уралдааны "Монгол ахуй" төрөлд гуравдугаар байрт шалгарч байсан юм.
Харин гэрэл зурагчин Э.Бат-Амьдрал монгол адууны гайхамшиг, өв соёл, зан заншил, адуучны ахуй амьдралыг харуулсан зургаар дагнан уран бүтээлээ гаргадаг. Тэрбээр үйл явдал гэхээс илүү адууны төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх амьдралын замнал, хүнтэй холбогдож буй харилцаа холбоо, ахуйн өв соёлыг гэрэл зургаар харуулахыг эрмэлзэж явдаг онцлогтой. 2023 онд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулсан “Монголын нэг өдөр” сэдэвт гэрэл зургийн уралдаанд “Бодол” бүтээлээр оролцож, 3 дугаар байрт шалгарч байсан төдийгүй, 2018, 2019, 2020 онд Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулсан “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаанд оролцож тусгай болон гуравдугаар байр эзэлж байжээ.
Ж.Мөнхцэцэг Дундговь аймгийн Музейн бүртгэл мэдээллийн
санчаар ажилладаг ба тус байгууллагаас эрхлэн гаргасан хэд хэдэн ном, зургийн
цомгийг гаргахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Үзэсгэлэнд гэрэл зурагчин Э.Мөнхчулууны гэрэл зургийн аппаратны цуглуулга, музейн үзмэрийн цомог болон бусад ном, товхимолыг дэлгэсэн ба тус үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.






































