ДУНДГОВЬ: МУГЖ Ж.Дүнжмаагийн нэрэмжит өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь-2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, академич, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын уртын дууны багш Жамьянгийн Дүнжмаагийн нэрэмжит “Энх мэндийн
баяр” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан Дундговь аймагт өнөөдөр нээлтээ
хийлээ.
Тус уралдаанд Дундговь, Ховд, Говсүмбэр, Баянхонгор аймаг
болон Улаанбаатар хотоос өсвөрийн уртын дуучид оролцож байна.
Оюуны давтагдашгүй өв болох уртын дууны урын санг баяжуулах,
өвлүүлэх, судлан сурталчлах, шинэ үеийн уртын дүүчдыг тодруулах, соёлын биет
бус өвийг сурталчлах зорилго бүхий тус уралдаанд 5-12 дугаар ангийн сурагчид
хоёр насны ангиллаар оролцох ба оролцогчдыг 2 үе шаттай шүүж, шилдэг дуучдаа
шалгаруулах юм.
Уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын ардын жүжигчин, консерваторын
хүндэт профессор Д.Түвшинжаргал, шүүгчээр гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол
Улсын консерваторын багш, докторант Ц.Насанбат
нар ажиллаж байна.
"Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдаан энэ
жил 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба өмнө нь насны хязгаар байдаггүй
байсан бол энэ жил Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаатай
холбогдуулан зөвхөн өсвөрийн уртын дуучдыг оролцуулж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дүнжмаа 1988
оноос эхлэн уртын дууны дугуйлан хичээллүүлж эхэлснээс хойш маш олон шавьтай болсны
дунд Монгол Улсын гавьяат жүжигчин 1, Соёлын тэргүүний ажилтан 17 төрөн гарчээ.
2025 оны "Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдаанд түүний шавь нар нь өөрийнхөө бэлтгэсэн хүүхдүүдийг оролцуулж байгаа нь онцлог байна.