ДУНДГОВЬ: 300 хүүхдэд шүдний болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн”
үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын зорилтот бүлгийн
300 хүүхдийг шүдний болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.
Энэхүү үзлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
болон Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох үндэсний сангаас тус аймгийн ЗДТГ, ЭМГ-тай
хамтран зохион байгуулж, шүд, нүд, чих
хамар хоолой, сэтгэц, сэтгэл зүйн зөвлөгөө, өсвөр үеийн чиглэлээр нарийн
мэргэжлийн 39 эмч үзлэг хийж, шүдний бүх төрлийн эмчилгээг хийжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн
нийгмийн бодлого, эрүүл мэндийн зөвлөх, шүдний эмч Б.Бадамцэцэг, Шүдний эрүүл
мэнд, боловсрол олгох Үндэсний сангийн гүйцэтгэх захирал Э.Хулан, Улсын нэгдүгээр
төв эмнэлгийн нүдний эмч нар, ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн мэс заслын эмч нар, өсвөр
үеийн эмч, сэтгэл зүйч, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн
эмч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын шүдний эмч нар болон сувилагч,
ариутгагч нар ажиллаж, үзлэгийн үеэр 13-17 насны хүүхдүүдэд Нөхөн үржихүйн
эрүүл мэндийн сургалт, эцэг асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл ахуйн
сургалт хийсэн байна.
Үзлэг хийсэн эмч нар нийт хүүхдийн дунд
хоолойны өвчлөл, залгиурын архаг үрэвсэл, нүдний хугарлын гажиг, нүдний
хуурайшил, нөсөө толбо, 10-16 насны охидын дунд үтрээний үрэвсэл нэлээд байгааг
онцолж, эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, шүдийг тогтмол
угааж, хүүхдийнхээ чих, хамарт гадны биет орохоос урьдчилан сэргийлж, хоолойны
өвчлөлийг бүрэн гүйцэд эдгээж, мэргэжлийн эмчид үзүүлж байхыг зөвлөлөө. Харин үзлэгт
хамрагдсан хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл харьцангуй бага байгааг тодотгосон юм.