Зөвшөөрөлгүй цахим тоглоомын газар ажиллаж байсныг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хүүхдийн цахим тоглоомын нэг газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.
Цахим тоглоомын газрыг ажиллуулахдаа Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн байцгаач нарын дүгнэлт авсны дараа Цагдаагийн газраас холбогдох албан бичгийг харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг авдаг ажээ. Даланзадгад сумын хэмжээнд зөвшөөрөлтэй 11 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.
"Иргэд нэгэнт л үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол зөвшөөрөлтэйгөөр, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой" гэж Цагдаагийн газрын гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Оюунчимэг ярилаа.
Иргэдээс хүүхдийн цахим тоглоомын газрууд хаалгаа дотроосоо түгжчихээд шөнөжин хүүхэд тоглуулж байна гэх гомдол Цагдаагийн газарт багагүй ирдэг гэнэ. Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор цахим тоглоомын гарын үйл ажиллагааны журмыг баталсан байдаг ажээ. Үүнд цахим тоглоомын газар нь интернет кафегаас тусдаа үйл ажиллагаа явуулах ба 23 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг юм байна. Харин энэ нь насанд хүрээгүй иргэдийн хувьд хязгаартай байдаг бөгөөд 9-16 насны хүүхэд зуны улиралд 20 цаг хүртэл, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлүүлэх ёстой байдаг аж.
Д.Мишигсүрэн