Улаанбурхан өвчний дархлал тогтцын түвшингийн судалгаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт өнөөдрөөс эхлэн улаанбурхан болон улаанууд өвчний дархлал тогтцын судалгаа хийж эхэллээ.
Үндэсний статистикийн хороо нь Эрүүл мэндийн Яамтай хамтран “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд тус аймагт дөрвөн сумын таван хэсэгт судалгаа хийх аж. Өнөөдрөөс Даланзадгад, Ханбогд суманд судалгааны ажлыг эхлүүллээ гэж аймгийн Статистикын хэлтсээс мэдээллээ.
Судалгааны зорилго нь үндэсний болон бүсийн түвшинд 6 сартайгаас 35 насны хүн амын дундах улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлох явдал юм. Судалгааг өрхөд суурилан хийх бөгөөд улсын хэмжээнд нийт 6030 өрхийг хамруулан явуулах ба үүнээс УБ хотод 1800, орон нутагт 4230 өрхийг хамруулах ажээ. Өмнөговь аймагт 235 өрх хамруулах бөгөөд 3 судлаач буюу 3 баг ажиллах аж. Нэг багт судлаач, мэргэжлийн сувилагч, жолооч, хөтөч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй байгаа гэнэ.
Энэхүү түүвэр судалгаагаар судлаач сонгогдсон өрхөөс, сонгогдсон насны бүлгийн хүн амаас зааврын дагуу ярилцлага авч, тусгай программ ашиглан мэдээлэл цуглуулан, сувилагч цусны сорьц авах юм байна.
Д.Мишигсүрэн