ӨВӨРХАНГАЙ: Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн говийн бүс нутагт байгалийн
үзэсгэлэнтэй болон түүхийн дурсгалт газрууд олон бий.
Хүрэн хадны рашаан, Элсний сувилал, Арц богдын нуруу, Зүүнбогд уул, Өөш шахлага зэрэг байгалийн болон палеонтологийн дурсгалт газруудыг түшиглэн тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Маршрутын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд амралтын газар байгуулж, жуулчдыг хүлээн авч байна.
Энэ онд Баруунбаян-Улаан сумын эмчилгээний элсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” амралтын газар 1500 гаруй амрагч, аялагчдыг хүлээн авч үйлчилсэн бөгөөд 11 дүгээр сард “Ирээдүй хурд” тэмээний баярыг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, өв соёлоо сурталчилсан байна.

Богд сумын “Сэрвэн хайрхан” гэр бааз гадаадын 354, дотоодын 147 жуулчин хүлээн авч, тэмээ унуулах, ингэний ундаа, ингэний ааруул, тэмээний ноосоор утас ээрэх зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Өвөрхангай аймаг дахь аялал жуулчлалын дөрвөн маршрутын болох говь, баруун бүсийн аялалаар Улаанбаатар – Арвайхээр – Мазар хотын туурь – Өөш Шахлага – Арц богдын нуруу – Зүүн богд уул – Эмч элс – Таацын цагаан нуур – Өшгөгийн их залаа – Өнц шилүүстэй – Шаргын тасархай – Шаамын рашаан – Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл – Арвайхээр – Улаанбаатар хүртэлх 1800 орчим км замыг 4 өдөр, 3 шөнө туулж, байгаль, түүх, соёл, палеонтологийн нэгээхэн хэсгийг үзэж сонирхох боломжтой.
