Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Евро-5 стандартын АИ92 шатахууны үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ92 автобензиний үнийг нэмээгүй гэдгийг яамныхан мэдэгдэв.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай ярихдаа, “Өнгөрсөн сард 75 мянган тонн шатахуун хэрэглэсэн. Харин энэ сард 85 мянган тонн шатахуун захиаллаа. Үүнтэй холбоотой 25 мянган тонн Евро-5 стандартын шатахууныг ОХУ-аас худалдан авсан. Евро-5 стандартын шатахууныг хамгийн хямд үнээр гэхэд 800 ам.доллараар нийлүүлдэг. Тиймээс шатахууны үнэ зөрүүтэй байгаа юм. Хоёрдугаарт, ОХУ-д шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Үүнтэй холбоотой мөн Евро-5 стандартын АИ-92 шатахууны үнийг нэмжээ. Аж ахуйн нэгжүүдийн 2590 төгрөгөөр худалдаалж байсан шатахуун дууссан учраас зарим шатахуун түгээх станц Евро-5 АИ-92 борлуулж эхэлсэн. Үүнийг иргэд “шатахууны үнэ нэмэгдлээ” гэж ойлгосон байна. Өнөөдөр дахин 45 вагоны хангалт бууж байна. Улаанбаатарын хэрэглээ буурахад орон нутагт руу түгээлт хийнэ. Нийлүүлэлт сайжирсан тул асуудал ойрын хугацаанд жигдэрнэ.
Дэлхий нийтээр 2012 оноос хойш евро-5 стандартын шатахууныг хэрэглэж эхэлсэн. 2012 оноос хойш үйлдвэрлэсэн машинууд евро-5 шатахуун хэрэглэх стандарттай байдаг. Доод тал нь 30, 40, 50, 60 сая төгрөгөөр авто машин худалдаж авсан хүн жилд 1-2 сая төгрөгийг шатахуун зарцуулах ёстой. Энэ нь хөдөлгүүрийн элэгдэл хорогдол, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд тус нөлөөтэй. Улаанбаатар хотын төвийн бүсэд евро-5-аас доош стандартын шатахуунтай тээврийн хэрэгсэл явуулахгүй гэсэн урьдчилсан мэдэгдэл хийсэн. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй евро-5 стандартад шилжинэ. ОХУ 100 хувь евро-5 хэрэглэдэг. Бид иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан Евро-2 стандартын, чанарын хувьд доогуур шатахууныг гуйж хямд үнээр авч хэрэглэж ирсэн. БНХАУ ч евро-5 стандартад шилжсэн. Бээжин болон бусад том хотод нь евро-6 стандартад шилжсэн. Одоо евро-7 гэдэг стандартыг ярьж эхэллээ. Иймээс бид ч мөн чанартай, илүү цэвэр түлшийг бодит үнээр нь хэрэглэх шаардлагатай.
Сүүлийн саруудад гурав дахь удаагаа шатахуунтай холбоотой дараалал үүсэж байна. Эхнийх нь зохион байгуулалттай байсан бол өнөөдрийн нөхцөл байдал нь нийлүүлэлтийн доголдолтой холбоотой байлаа. Одоогоор бид байгаа нөөцөө л тарааж байна. Евро-5 стандартын шатахуун авч чадахгүй байгаа учраас том оврын, шалаанзтай машинууд Евро-2 стандартын хямд шатахууныг их хэмжээгээр дүүргэж авдаг. Том шалаанзтай машинууд нэг тонн орчим багтаамжтай байдаг тул үүнээс шалтгаалж орон нутагт хомсдол үүсэж байна” гэв.
Өнөөдөр орой 2500
тонн шатахуун бууж байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд асуудал жигдрэх боломжтойг
албаныхан хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон
буюу 5220 тонн АИ-92 шатахуун байна. Арванхоёрдугаар сар гарснаас хойш манай улсад
өнөөдрийг хүртэл 47673 тонн АИ92, 960 тонн Аи95 автобензин, 137134 тонн дизель
түлш, ТС-1 онгоцны түлш 6960 тонн орж иржээ.