БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, хэрэгцээнд нь нийцсэн цогц дэмжлэг хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-25 15:18:26
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн удирдлагын багийн уулзалт Баянхонгор хотноо боллоо. Уулзалтаар Баянхонгор аймагт 2024-2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөлдөв.
Японы Хүүхдийг ивээх сангийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар төслийн удирдлагын багийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Тус уулзалтад төслийн удирдлагын багийн гишүүд, Японы хүүхдийг ивээх сангийн төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир, Баянхонгор аймаг дахь төслийн ажилтан Н.Мөнхзаяа болон тус төслийн зөвлөх бөгөөд Хан-Уул дүүргийн “Хатантуул” Сэргээн засах төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, проф Р.Галбадрах, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХЭМБНХ-ын төв комиссын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Хандсүрэн нар оролцлоо.

Хүүхдийг ивээх сан Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй. Тус төслийн эхний шат Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжсэн бол хоёрдугаар үе шат Баянхонгор сумын сургууль, цэцэрлэгийн Баян-Ойт цогцолбор сургууль, Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийг загвар болгон сонгож хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэдний хөгжлийг дэмжих цогц тогтолцоог бий болгосноор илүү хүртээмжтэй нийгмийг бий болгох боломж бүрдэнэ.

Хөгжлийн ялгаатай хүүхэд бусад хүүхэдтэй нэг орчинд хамт суралцах нь тэднийг нийгэмших явцад том дэмжлэг үзүүлэхээс гадна тэрхүү ялгаатай хэрэгцээтэй хүүхэд нь бусдыг ойлгож энэрэх, хамтрах, дэмжих төлөвшлийг эргэн тойрныхондоо өгч байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажлыг төслийн хүрээнд тогтмол зохион байгуулж байгаа юм.
Related news