Арвайхээр хотын хэмжээнд нэг СӨХ байхаар шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 13:56:28

Арвайхээр хотод 58 орон сууцанд 1300 гаруй өрх айл амьдарч байна. Тэдгээр айл өрхийн эмх цэгцтэй, эв нэгдэлтэй, харилцаа холбоотой хамтран ажиллах гарцыг Сууц өмчлөгчдийн холбоо хэмээн байгууллага нээж өгөх ёстой ч энэ нь ажил хэрэг болж байсан түүх Арвайхээрт байхгүй гэнэ.

Дээрх 58 орон сууцанд дөрвөн Сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг ч айл өрхөөсөө сар бүрийн татварыг хурааж чаддаггүйгээсээ болоод үйл ажиллагаа ч явуулахгүй таг суучихдаг аж.

Тиймээс Арвайхээр сумын ЗДТГ-аас Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, СӨХ-ны тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Хурлаар Арвайхээр сумын хэмжээнд нэг л Сууц өмчлөгчдийн холбоотой байя гэсэн санал гарч дэмжигдсэнээр сууц өмчлөгчдийн удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан дүрмээ баталсан байна. Зөвлөлүүд хуралдаж  СӨХ-ны удирдах багийг сонгон шалгаруулах ба дарга, нягтлангаас гадна сантехникч, лифтчин, цэвэрлэгч гэсэн бүрэлдэхүүнээр ажиллахыг хурлаас шийдвэрлэжээ. Мөн сууц өмчлөгчдийн сарын төлбөрийг 8000 төгрөгөөр тогтоосон байна. 

Б.Батчимэг

Related news