ӨВӨРХАНГАЙ: Эв нэгдлийн илэрхийлэл золгох ёсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Цагаан сарын нэн хүндтэй
ёслол нь ахмад буурлууд, аав ээждээ золгох юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар үндэсний их баярыг он цаг өртөөчлөн тэмдэглэж ирсэн түүхтэй.
Улмаар Чингис хаан ороо бусгаа цаг үед олон аймгийг нэгтгэж, тулгар төрийг байгуулсан учраас эв нэгдлийн бэлгэдэл болгож, золгох ёс үүссэн байна. Эхэн үедээ хаад, ноёд, язгууртнууд хоорондоо зэрэг дэвээ баримтлан ёс журамтайгаар золгодог байжээ.

Хожим нь ард түмний дунд ахмад настнаа хүндлэх, ураг төрлийн холбоог бататгах нийтлэг заншил болон дэлгэрсэн байна. Мөн ёс суртахуун, хүмүүжлийн чухал илэрхийлэл хэмээн үздэг. Ингэхдээ ихэвчлэн цагаан өнгийн хадаг болон хурганы арьс, дээлийн торго барьж золгодог байв.
Тиймээс хадгийг эдийн дээд хэмээдэг. Хадаг нь хээ угалзаараа олон янз бөгөөд урт, богиноороо ч харилцан адилгүй. Тухайлбал, Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд барьдаг. Хадаг барих ёсонд ахмад хүндээ хадгаа өгч золгодог бөгөөд авч буй хүнийхээ бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Энэ үед ахмад хүн нь хариу мэхэсхийн хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой.
Харин хадгаа хүнд өгөлгүй, хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хуруунд ороогоод чигчий хуруу тал руу уншжуулсан чигээр золгох нь Хадагтай золгох ёс юм. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадаг барьж байхдаа мэнд мэдэж болохгүй.
Золгосны дараа сууцгааж хөөргөө солилцон тамхилж, бэлгэтэй сайхан үгсээр амар амгалангаа эрэн мэндчилдэг. Тэгэхдээ ахмад хүнд эхэлж хөөрөг барих ба хөөрөгнийхөө толгойг бага зэрэг султган өөрөө нэг үнэрлээд барьдаг. Энэ үед хөөрөг барьсан болон авсан хүн аль аль нь бага зэрэг мэхийж, гар сунган хүндэтгэлтэйгээр хөөрөглөнө.
ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ
Цаглашгүй урт
наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс
цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт
наст ариун цагаан хадаг
Идээний дээж
элгэн цагаан тараг
Эдийн дээж
ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон