Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-27 17:25:59

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нээлтийн үгэндээ, Хууль зүй, дотоод хэргийн салбар эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, хил хамгаалах, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж буй томоохон салбар болохыг онцлов. Сүүлийн жилүүдэд тус салбарын үйл ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулахад чухал үндэс суурь болдог тул олон нийт энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалсан юм.

 

ШШЕГ-ын Инженер техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Ганзориг, тус лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйг хэллээ. Тухайлбал, эднийх хоёр цаг тасралтгүй ажиллах дроныг үйл ажиллагаандаа ашиглах болсон байна. Уг дрон нь газар зүйн орчин, байрлал, саадаас хамаарч, 3-20 км-ийн радиусыг тодорхойлох хүчин чадалтай. Ингэхдээ 20 км-ийн радиус дахь эд зүйлсийн хэмжээсийг тогтоох боломжтой гэдгийг тайлбарласан юм. Хэн нэгэн шинжээч, ажилтан, албан хаагч хүрч очих бололцоогүй нөхцөлд ашиглах техник хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажлын нарийвчлалтай сайжирч, үр дүн нь өндөрсдөг аж.

 

ХХЕГ-ын Автын тоо бүртгэл, ашиглалтын инженер, ахмад Г.Базардарь мөн үеэр ярихдаа "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр 13 нэр төрлийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлж байгаагаа хэлэв. Хил хамгаалах байгууллага 2020 оноос эхлэн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэх болжээ. Эдгээр техник хэрэгслийг хилчид хилийн манаанд ашиглах болсон байна. Ингэснээр хилийн манааны үүрэг гүйцэтгэх чадамж сайжирч, хил зөрчигчийг хурдан шуурхай илрүүлэх болсон гэнэ.


Энэ мэтээр хууль зүй, дотоод хэргийн салбарынхан гурван өдрийн турш иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилна. Тухайлбал, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхимын төлөөллөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч болох юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ өгч болох зэргээр өдөрлөгийн үйл ажиллагаанд зохион байгуулалт хийсэн байв.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд салбарын үйл ажиллагаа ганц нэг өдрийн өдөрлөгийн үеэр иргэдэд ил тод байх биш, үргэлж нээлттэй байж, түргэн шуурхай үйлчилдэг тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байгаагаа онцолж байлаа.






Related news