Сурагчдаас мөнгө татсан багш нарт хариуцлага тооцохыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:35:37

Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар багш нарын сурагчдаас мөнгө татах асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох шийдвэр гаргалаа.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд ирж буй гомдлын дийлэнхийг багш нарын ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал эзэлж байгаа учраас зөрчил гаргасан багш нарт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээг тооцсон шийдвэрээ Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирүүлэх албан тоотыг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлж, ирсэн хариунд  дүн шинжилгээ хийн аймгийн удирдлагуудад мэдээллэхийг ИТХ-ын дарга Г.Ганболд үүрэг болголоо.

2015 онд Засгийн газрын чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээнд ЕБС, цэцэрлэгүүд эцэг эх, асран хамгаалагчдаас хууль тогтоомжид зааснаас бусад төлбөр мөнгө авахгүй байх, энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох талаар урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар тусгасан байдаг. Гэвч сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нар анги танхимд тохижилтын ажил хийхэд төсөв мөнгө хүрэхгүй гэсэн шалтгаанаар Эцэг эхийн зөвлөлийн нэрийн дор байнга хандив, татаас авч байгаа юм.

Шуурхай хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад эцэг эх, асран хамгаалагч нараас ямар нэгэн байдлаар хандив тусламж авахгүй, шахаж шаардаргүй байх, журамд заагаагүй хандив тусламж авсан болон БСШУЯ-аас зөвшөөрөл олгоогүй ном сурах бичиг авахыг шаардсан багш удирдлагад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилагын шийтгэл ногдуулахыг үүрэг болгоод байна.

Б.Батчимэг

Related news