Айл өрхүүдэд дулаан барих төхөөрөмжийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 15:54:51

вөрхангай аймгийн Арвайхээр хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж байгаа учир аймгийн удирдлагууд жил бүр тодорхой хөрөнгө гарган тэмцэх ажил явуулж байна.

2013, 2014 онд Турк улсаас оруулж ирсэн, бүрэн шаталттай, утаа бага гаргадаг, дулаанаа сайн барьдаг гэх зуухыг айл өрхүүдэд 60 мянган төгрөгөөр нийлүүлсэн. Энэ жил дээрх 3500 зуухны үлдэгдэл 200 зуухыг 10, 11-р багийн айл өрхүүдэд тарааж өгөх юм.

Мөн агаарын бохирдлын дийлэнх хувийг гаргаж буй гэх 40 гаруй жижиг нам даралтын уурын зуухыг нэгдсэн халаалтад холбон янданг цөөлөхийн тулд Орон нутгийн хөгжлийн сангаас 200 гаруй сая төгрөг зарцуулан дулааны шугамын ажлыг гүйцэтгээд байна.  Уурын зуухны галч нар байгууллагынхаа нүүрсийг шигшин томыг нь иргэдэд шуудайлан зараад нунтаг, үйрмэгийг нь хүчээр түлдэг учраас агаарын бохирдол үүсэхэд багагүй хувь нэмэр оруулж байна гэж үзээд хоёрдугаар зэргийн шигшилтийн нүүрс түлэхгүй байх үүргийг өгөөд байгаа юм.

Түүүнчлэн агаарын бохирдлын тодорхой хувь нь хөрс шорооноос үүдэлтэй гэж үзэж байгаа тул Арвайхээр сумын хэмжээнд авто зам тавих ажилд түлхүү анхаарч байна. Энэ онд 3,6 тэрбум төгрөгөөр 4,3 км асфальтон зам тавьсан нь машины хөдөлгөөнөөс үүсдэг тоосжилтыг багасгахад нөлөөлж байгаа аж.

Цаашид Гүүд Нэй Борс гэх төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, Ж сервэр гэх дулаан барих төхөөрөмжийг айл өрхөд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.Батчимэг

Related news