Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-21 18:14:55

НИТХ болон НЗДТГ-аас хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе, үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн  ахмад буурлууддаа ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэнд хүргэе. Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээг НИТХ, НЗДТГ хамтран хийж байгаагаараа онцлог болж байна. Хотын удирдлага, түүний баг ажлаа аваад долоон сар гаруйн хугацааг үдээд байна. Энэ хугацаанд олон ажил хийж бүтээсэн гэдгийг ахмадууд та бүхэндээ хэлэхэд таатай байна. НИТХ-ын энэ хугацаанд долоон удаа хуралдаж, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, ирэх оны төсөв, ирэх онд нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг баталсан” хэмээлээ.

Харин Хотын дарга С.Батболд “Нийслэл хотоо хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ ирж буй сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилье. НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн болоод байна. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамруулахаар болсон. Мөн ахмадын зөвлөлийн цахим сантай болж та бүхний санал хүсэлтийг сонсч хариу өгөхөөр болсон. НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа нийслэлийн удирдлагууд улиралдаа нэг удаа уулзан ярилцаж та бүхний санал санаачилгыг сонсохоор болсон” гэв.

Өнөө үед мэдлэг хэдий чухал ч туршлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид төрийн албанд шинээр орж буй залуустайгаа уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ ахмадууд илэрхийлэв.

 

Related news