“Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-23 14:24:07

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Номтой нөхөрлөе клубээс гаргасан “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалгын хүрээнд хоёрдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хямдралтай номын худалдаа зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Сар шинийн баяраар ном бэлэглэх уриалгыг Номтой нөхөрлөе клубээс тав дахь жилдээ дэвшүүлж байгаа аж. Энэ удаа Номтой оюуны ирээдүй ТББ, Тархи цэнэглэгч клубуудтэй хамтарч буйгаа мэдээллээ.

Номтой нөхөрлөе клубийн үүсгэн байгуулагч Н.Хүслэн ярихдаа, “Манай клубээс Цагаан сарын баяраар урд хөршийн чанаргүй бэлэг бэлэглэхийн оронд оюуны хөрөнгө оруулалт болох ном бэлэглэхийг иргэддээ уриалж байна. Гадаад улс, орнуудад Талархлын баяр, Зул сарын баяраар дотоодын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр үндэсний эдийн засаг сэргэдэг. Гэтэл бид хоёр их наяд төгрөгөөр Хятадын Эрээн  хотоос бэлэг авч байна. Хүннүгийн үеэс уламжлан тэмдэглэсэн Цагаан сарын баяраа эх оронч баяр болгохыг уриалж байна. Анх таван жилийн өмнө ном бэлэглэх уриалгыг гаргахад  иргэдээс номын үнэ өндөр учир амьдралд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн санал ирсэн. Тиймээс бид хоёр дахь жилээсээ эхлэн хямдралтай номын худалдааг зохион байгуулж эхэлсэн.  Энэ жилийн худалдаа хоёрдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд “Эмпати” төвд болно” гэлээ.

 Зохиолчид болон номын худалдаа эрхэлдэг бүх хүмүүс ямар ч үнэ төлбөргүйгээр номоо худалдах боломжтой юм байна. Номтой нөхөрлөе клубийн 11313019 утсаар холбогдон бүртгүүлэх юм байна.

М.Аминаа

Related news