Цас үргэлжлэн орж байгаа учир зам даваа хаагдаж болзошгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнгөрсөн өвөл бараг цас ороогүй, хаврын сар эхэлмэгц дулаан тогтуун байж, харин агаар нэлээн хуурайшилттай байсан юм. Харин өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, үргэлжлэн орж 5-10 см зузаан болоод байна.
Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд зориулж 21, 21-22-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, зарим газраар ахиухан хэмжээний цас орж зөөлөн цасан шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүй тул сэрэмжлүүлж байна.
Хавар орсон цасыг “шар тос” гэж настайчууд бэлэгшээдэг. Учир нь газар чийг дааж, урин цаг ирэхэд өвс ургамал эрт ургаж,мал амьтны зоо тэнийдэг. Энэ өглөө хүн бүр, хүүхэд багачууд хэн хүнгүй шинэ орсон цасыг харж баясаж байна.
Шинэ орсон цас Ховд аймгийн төв буюу ойролцоох Ховд, Эрдэнэбүрэн сумдын нутгаар орж, тэнгэр бүүдийж үргэлжлэн орох төлөвтэй байна.
А.Бямбасүрэн