Адаацаг сумын айл өрхийн 70 гаруй хувь угийн бичгээ хөтөлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Адаацаг сумын айл өрхүүдийн дийлэнх нь угийн бичиг хөтөлдөг болсон байна.
Угийн бичиг хөтлөх аргачлалыг иргэддээ зааж, айл өрхүүдээ угийн бичигтэн болгох зорилгоор өнгөрсөн хавар сумын Засаг дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сумын бүх айл өрхдөө угийн бичиг хэрхэн хөтлөх талаар сургалт явуулж, дэвтэр бал тарааж өгснөөр ийнхүү айл өрхийн 75 хувь угийн бичгээ эхлүүлжээ.
“Манай сум 810 гаруй өрхтэй. Өөр аймаг, сумын нутагт амьдардаг, отор нүүдлээр явсан цөөвтөр айл өрхийг эс тооцвол бүх өрхдөө угийн бичиг хөтлөх зөвлөмж өгч чадсан. Одоо айл өрхүүд угийн бичгээ хэрхэн баяжуулж, үргэлжлүүлж байгааг ажлын хэсгийн гишүүд эргээд нягталж байна” гэж ажлын хэсгийн ахлагч сумын ЗДТГ- ын мэргэжилтэн Д. Төмөртогоо хэллээ.
Айл өрхүүдийн дийлэнх нь 2-3 үеэ бичиж хөтөлсөн, 6- 7 үед хүрч хөтөлж чадаагүй байгаа тул ураг удмаа илүү сайн судалж, угийн бичгээ өргөжүүлэх хэрэгтэйг иргэддээ зөвлөж байгаа гэлээ.
Дундговь Т. Отгонтуяа