Мөст суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 15:59:28

Ховд аймгийн Мөст суманд 100 хүүхдийн ортой “Яргуйхан” цэцэрлэг  үйл ажиллагаа нь жигдэрч 130 гаруй хүүхдийг хүлээн авч эхэлжээ.

Сумын хэмжээнд 320 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн 60 гаруй хувийг малчдын хүүхэд эзэлдэг.

Цэцэрлэгийн барилгын ажил 2011 онд эхэлсэн хэдий ч улсын хэмжээний царцаагдсан барилгын жагсаалтад дөрвөн жил орчим  зогсож байж энэ жилийн улсын төсөвт 700 гаруй сая төгрөгийг суулгаснаар ийнхүү баригдан ашиглалтад оржээ.

Цэцэрлэгийн эрхлэгч М.Амарзаяа “манай цэцэрлэг 1960 онд байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд зориулалтын бус байранд 2 бүлэгт 50 хүүхдийг хамруулдаг байсан. Энэ оноос эхэлж шинэ цэцэрлэгтэй болсноор  16 багш ажилтантай дөрвөн бүлэгт 130 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Эцэг эхийн оролцоо нэмэгдэж, багш эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч байна” гэлээ.

Ховд аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа ”цэцэрлэгийн гүйцэтгэлийн төсвийг улсын төсөвт суулгахад хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогтод талархаж, Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг багш нар хэрэгжүүлж ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна хэмээн“ онцоллоо. 

 

Сумын төв замтай болов

Мөст сумын  төвд тавьсан 1 км хатуу хучилттай авто замыг  баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын гүйцэтгэгч Жиангсу Жианда констракшн компани хийсэн байна.

Мөст сумын Улаантолгой багийн иргэн Ц.Идэш “сумын төвийн авто замын нээлтийн үеэр сум орон нутгийн хөгжил сайхан болж байна. Мөст суманд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар таван  үндсэн ажил  хийгдэж байна.  Нутаг орноо хөгжүүлэхэд өөрсдийн хүчин чадлаа дайчлан ажиллаж буй хүмүүст баярлалаа. Цаашид ийм сайхан бүтээн байгуулалтыг хөгжүүлж авч явахад сумын иргэд хөдөлмөрчид бидэнд том үүрэг ногдож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

                   Сумын эмнэлэгт их засвар хийгдэв

Мөст сумын хүн эмнэлэгт өргөтгөл болон их засварын ажил хийгдэж ажиллах орчин нөхцөл сайжруулжээ.

Тус эмнэлэг сумынхаа 3000 гаруй иргэн, тойргийн сумдын 10 мянга гаруй иргэдэд эх барих, мэс засал, хүүхдийн  тусламж үйлчилгээ үзүүлдэг.

 Их засвар хийгдээгүй удсанаас иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэд хэвтэн эмчлүүлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан юм.

Энэ асуудлыг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогтод эмч, ажилтнууд удаа дараа уламжилж санал тавьж байсан юм.

А.Бямбасүрэн

Related news