Беларусьт авсан хориг арга хэмжээг цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /NHK/. Беларусийн хүний эрхийн байдал сайжирч байгааг харгалзан үзэж, тус улс болон тус улсын Ерөнхийлөгчид авсан хориг арга хэмжээг ЕХ цуцлах шийдвэр гаргажээ.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, 169 албан хаагч, гурван компанид авсан визийн хориг, хөрөнгийг нь битүүмжлэх болон бусад хориг арга хэмжээг цуцлахаар ЕХ-ны сайд нар өчигдөр тохиролцсон байна. Харин зэвсгийн хориг арга хэмжээг хэвээр үлдэх ажээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард улс төрийн хоригдлуудыг суллаж, 10 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүчирхийлэл бага гарсан зэргийг харгалзан үзэж, ийм шийдвэрт хүрсэн гэж сайд нар мэдэгдсэн байна.
ЕХ-той хийж буй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн чухал алхам боллоо гэж уг шийдвэрийг сайшааж байгаагаа Беларусийн Гадаад хэргийн яам илэрхийлжээ. Мөн энэ нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээнэ гэж мэдэгдэлд дурджээ.
ЗХУ-ын Бүгд Найрамдах Улс байсан Беларусийн төрийн эрхийг Александр Лукашенко 1994 оноос хойш барьж байгаа бөгөөд ОХУ-тай улс төр, эдийн засгийн хүчирхэг харилцаатай билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа Лукашенко сөрөг хүчний дэмжигчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүчээр нухчин дарсантай холбогдуулан ЕХ тус улсад 2011 онд хориг арга хэмжээ авчээ. Гэвч өнгөрсөн жил тэрбээр Украин болон Донбасс бүс нутгийн удирдагчийн хооронд гал зогсоох гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлсэн билээ. Үүнийг АНУ болон ЕХ сайшаасан байна.
Д.Нямтулга