Обама айлчлалынхаа үеэр Фидель Кастротой уулзахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 10:37:56

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх гуравдугаар сард Куба улсад хийх айлчлалынхаа хүрээнд хувьсгалын удирдагч Фидель Кастротой уулзахгүй гэж түүний үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Бен Родс мэдээлжээ.

Родсын хэлснээр, “Куба улсын Ерөнхийлөгч нь Рауль Кастро учраас Обама чухам түүнтэй өмнө нь төлөвлөсний дагуу хэлэлцээ хийнэ”.

Кубад айлчлах үеэрээ Обама “Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцдэг” тэрс үзэлтнүүдтэй Гавана хотод уулзана гэдгийг тэрбээр мөн мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь “АНУ Кубын Засгийн газрыг түлхэн унагах гэж байна гэсэн үг биш юм” гэдгийг Бен Родс батлан хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишелийн хамт Куба улсад гуравдугаар сарын 21, 22-нд айлчлах бөгөөд тэрбээр сүүлийн 88 жилд арлын тус улсад айлчилсан Америкийн анхны төрийн тэргүүн болно. Рауль Кастро, Барак Обама нар хоёр орны харилцааг хэвийн болгох бодлого баримтлахаа 2014 оны 12 дугаар сарын 17-нд мэдэгдсэнээс 15 сарын дараа уг айлчлалыг хийж байгаа юм. Хоёр орны дипломат харилцааг болон Вашингтон, Гавана хотод Элчин сайдын яамдын ажлыг 2015 оны долдугаар сарын 20-нд сэргээсэн билээ.

Д.Жаргал

 

関連ニュース