М.Батчимэг:Монгол Улс бусад оронтой газар нутаг, эдийн засгийн аливаа маргаангүй орон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 12:31:12

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын ассамблейн нэгдүгээр хуралдаан эхэллээ.

Нэгдүгээр хуралдааныг “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор явуулж байна.

Хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Дэд Ерөнхийлөгч Кристин Мютонан даргалж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн дарга М.Батчимэг “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.

Өнгөрсөн хугацаанд Украйны хямралын асуудал хурц асуудал болж  байсан. Гэхдээ одоо Зүүн хойд Азийн аюулгүй байдал ч чухал асуудал болоод  байна. Учир нь энэ бүс нутагт цөмийн зэвсэг ашигладаг гурван том орон бий. Тиймээс энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь бидний томоохон үүрэг юм хэмээн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, Монгол, ОХУ бол байгалийн баялаг ихтэй. Харин БНХАУ, Япон улс бол технологийн хөгжил өндөр. Манай бүс нутагт 1.7 тэрбум хүн амьдарч байгаа энэ бизнесийн томоохон зах зээл юм. Зүүн хойд Азийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа хэдий ч энэ бүс нутагт дэд бүцтийг хөгжүүлэх шаардлага бий. Ингэснээр чөлөөт худалдаа хийх, аливаа гэрээ, хэлэлцээр хийх боломж нэмэгдэх юм.

Зүүн хойд Азид эрчим хүчний хангамж, байгаль орчны доройтол их байна. Тиймээс бүс нутгийн улсууд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй.

Монгол Улс энх тайван, олон талт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд хөрш орнууд болон бүс нутгийн бүх улс оронтой найрамдалт харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл, бусад оронтой газар нутаг, эдийн засгийн аливаа маргаангүй орон гэж болно.

Монгол Улс Улаанбаатар хотыг бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээний төв болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан хэрэгжүүлж, бүс нутгийн хэд хэдэн томоохон хурлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улс төвийг сахихсан статустай байх зөвлөмж гарсан. Энэ бол Монгол Улсын хувьд шинэ зүйл биш юм. Өмнө нь ч энэ чиглэлээр тодорхой алхамууд хийж ирсэн. Тухайлбал, аливаа улс орны цэрэг, техникийг өөрийн газар нутагт байршуулдаггүй, цөмийн зэвсэггүй орон зэргийг дурьдаж болно” гэлээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント