Ховд их сургууль Бавуугийн Лхагвасүрэнд Хүндэт доктор цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДСар шинийн дараахь өдрүүд буюу өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт Монголын нэртэй зохиолчид, яруу найрагчдын хур бууж, шүлэг яруу найрагт дуртай хүн бүрийн сэтгэл хөглөгдөн цас мөсний баяраар цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалсан сайхан өдрүүд болж өнгөрсөн юм.
Ховд их сургуульд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн уригдаж зочилж тус сургуулийн багш, ажилтан, албан хаагчид, оюутан залуустай уулзаж уран бүтээлийн үзэсгэлэнгээсээ дэлгэлээ.
Түүнтэй хамт яруу найрагч, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг, Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт Х.Эрдэнэбаатар, Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт Ц.Эрдэнэбаатар, МУСТА МЗЭ-ийн шагналт Мөнгөнхүүгийн Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч, яруу найрагч Ж.Сарантуяа нар оролцож, өөрсдийн уран бүтээлээсээ толилуулсан юм.
Эрхэм хүндтэй энэхүү уулзалтын үеэр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор цол олголоо.
ХИС-ийн дэд захирал, доктор, яруу найрагч Д.Өрнөхдэлгэрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардууллаа.
А.Бямбасүрэн